Дасгалжуулагчдын зөвлөлийн даргаар ОУХМ Т.Төгөлдөр сонгогдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-06 11:03:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дугуйн холбоо /МДХ/-ны дэргэдэх зөвлөлүүдийн нэг Дасгалжуулагчдын зөвлөлийн хурал өнгөрсөн бямба гарагт болж, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч ОУХМ Т.Төгөлдөрийг олонхын саналаар тус зөвлөлийн даргаар сонгов.


“Team Oggi” клубийн дасгалжуулагч ОУХМ А.Алтансүх, Сүхбаатар аймгийн Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ С.Төмөрхуяг нар уг сонгуульд өрсөлдсөн бөгөөд Т.Төгөлдөр 92 хувийн саналаар МДХ-ны дэргэдэх Дасгалжуулагчдын зөвлөлийн даргаар сонгогдсон байна.


Тус хурлаар дасгалжуулагчдын тулгамдсан асуудал болох мэргэжлийн дасгалжуулагчдыг бэлтгэх, сургалтад хамруулах, аймаг, дүүргүүдэд дасгалжуулагчийн орон тоог бий болгох, дасгалжуулагчдын ажлыг дүгнэх журмыг шинэчлэх, дасгалжуулагчдын эрх, үүргийг боловсруулж гаргах, анхан шатны сургалт, гарын авлагын ном гаргах, тэмцээний хуваарь, заавар, бэлтгэлийн төлөвлөгөөг уялдуулах зэрэг асуудлыг хөндөж санал солилцжээ.


Дасгалжуулагчдын зөвлөлд Спортын дээд сургууль, ОУДХ-ны сургалтыг төгсөж үнэмлэх диплом авсан 15 дасгалжуулагч багтдаг юм байна.





Холбоотой мэдээ