Хүүхдийн хөдөлмөрийн судалгааг ирэх 9 дүгээр сард дуусгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран энэ сард эхлүүлсэн “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-г ирэх оны 9-р сард дуусгана.
ҮСХ-ноос судалгааны мэдээлэл цуглуулах талаар аймаг, нийслэлийн статистикийн хэлтсийн дарга, судлаач нарт заавар, зөвлөмж өглөө. Судалгааг хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин, тархалтыг газар зүйн байршил, өрхийн төрөл шинж, хүүхдийн сургуульд хамрагдалтын байдал, хүйс, насны бүлэг болон бусад хүчин зүйлсээр тооцно. Мөн хөдөлмөр эрхэлж буй хүүхэд, тэдний нөхцөл байдал, шинж чанар, үр дагавар тухайлбал, хүүхдийн эрхэлж байгаа ажлын хэлбэр, нөхцөл нь боловсрол, эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлж байгааг судлах аж.
Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд, Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг нэмэлт протоколд 2003 онд, Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг нэмэлт протоколд 2004 онд нэгдэн орсон. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь 8 конвенцийг соёрхон баталсны дотор Хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенцийг 2002 онд, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай 182-р конвенцийг 2001 онд соёрхон баталжээ.
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар, манай улсын нийт хүүхдээс хөдөлмөр эрхэлж буй 5-17
насныхан 16.7 хувийг эзэлж байна. Тэдний 7.8 хувь нь аюултай
хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд олонх
нь хөдөө аж ахуй (хурдны морь унаж уралдах зэрэг), барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаа,
үйлчилгээний салбарт ажилладаг байна.