Дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-07 14:47:09

Ховд /МОНЦАМЭ/. “Эдийн засгийн бодлого”-ын хүрээнд 2021 онд Ховд аймагт хэрэгжүүлсэн зарим ажил, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн талаар тодрууллаа.  

Ховд аймгийн хэмжээнд 2380 иргэн, аж ахуйн нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, жилд дунджаар 11.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна

Ийнхүү аймгийн эдийн засгийг хөгжүүлж буй гол салбар болох хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 39.3 хувь буюу 135.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэсэн судалгаа гарчээ.

Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2020 онд 578.3 тэрбум төгрөгт хүрсэн нь 2018 оноос 21.0 хувиар, 2019 оноос 4.0 хувиар тус тус өссөн үзүүлэлт байсан. Тэгвэл 2021 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 581.8 тэрбум төгрөг болж, 0.1 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.

Мөн нэг хүнд ногдох ДНБ 2020 онд 6565.8 мянган төгрөгт хүрч, өмнөх жилээс 8 хувиар буюу 532.8 мянган төгрөгөөр, 2018 оноос 20 хувиар буюу 1314.1 мянган төгрөгөөр өссөн. Тэгвэл 2021 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6605.2 мянган төгрөгт хүрч, 1 хувь өсөхөөр байгаа аж.  

Ховд аймаг нь эдийн засгийн тэргүүлэх чиглэл, бүсийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж, бие даасан эдийн засагтай аймаг болох суурийг тавих зорилтын хүрээнд 2021 оны eсдүгээр сарын 17-ны өдөр “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын түлхүүр гардуулах нөхцөлтэй цахилгаан станцыг барьж, хүлээлгэн өгөх гэрээ”-г БНХАУ-ын Power-Power China Chengdu түншлэлтэй байгуулав. Тус компани нь ажил эхлүүлэх бэлтгэл хангах, судалгаа хийх ажлыг эхлүүлж, барилга угсралтын үндсэн ажлыг 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн, 61 сар буюу 5.1 жилийн хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

Үүнээс гадна Буянт сумын нутагт “Вестерн холд“ ХХК жилдээ 300.0 мянган тонн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн аймгуудын цементийн хэрэглээг бүрэн хангах “Ховд эко цементийн үйлдвэр” барих ажлыг 2020 онд эхэлсэн бөгөөд барилга угсралтын ажил одоо 90 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм.

Түүнчлэн баруун бүсийн аймгуудын малын гаралтай түүхий эдийг боловсруулах “Үйлдвэр технологийн парк” байгуулах зорилтын хүрээнд хоногт 1500 м.куб бохир усыг цэвэршүүлэх хүчин чадалтай “Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажил хийж, тоног төхөөрөмж угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэхүү цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор ноос ноолуур, арьс шир, мах, сүү, яс, тос боловсруулах 10 гаруй үйлдвэр байгуулах боломж бүрдэнэ гэж албаныхан ярилаа. 

Холбоотой мэдээ