“Алтан-Өд 34” наадамд яруу найрагч Б.Баянцогт тэргүүн байр эзэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-13 13:31:25

Дархан-Ууд /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор уламжлал болон явагддаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Алтан-Өд 34” яруу найргийн наадам энэ сарын 10-ны өдөр Залуучууд театрт боллоо.

Яруу найргийн наадмыг хоёр шаттай явуулж хоёрдугаар шатанд шалгарсан 34 яруу найрагч оролцсон бөгөөд МЗЭ-ийн Дархан-Уул аймгийн салбарын гишүүн, зохиолч, яруу найрагч Б.Баянцогт тэргүүн байранд шалгарчээ.

Уламжлал ёсоор наадамд оролцогчид зөвхөн 2021 онд зохиосон шүлгээрээ оролцдог бол аймгийнхаа зохиолчдын мөн оны бүтээлээр “Алтан-Өд” цуврал номыг аймгийн Засаг даргын ивээлээр хэвлүүлж ирсэн аж.

Мөн наадамд нэрт яруу найрагч Пүрэвийн Бөхбат агсаны нэрэмжит "БӨХБАТ" сангаас шилдэг залуу найрагчийг тодруулж, уг сангийн тэргүүн П.Ганхуяг шагналыг гардуулсан бол их найрагч Р.Чойномын охин Ч.Мөнхтэмүүлэн мялаалгын шүлэг өргөн үг хэлж, аавынхаа ном зохиолын дээжээс бэлэг барилаа.

 

Дархан-Уул аймгийн “Алтан Өд-34” наадмын тэргүүн байрын шүлэг

...

Чинад гэрэлтэгч өргөст моддын дор

Бурхадын мэлмий гуниж

Чимээгүй шөнийн хэцэн дээр

Бөднө шувуу нойтон сөдөө сэгсэрч

Нарны улаан зоргодос

Балчир хөвгүүний уруул дээгүүр өнхөрч

Намайг шингээгч цаг хугацаан дээгүүр хөлийн чимээ эргэлдэхүйд

Зул хүжийн гэрэлт хийсгэлэн ертөнцөд шүлгээн дуудахаар

Зуурсан мөчрөө нэгэнтээ тавихад

Цус минь хэдийнэ царцсан байна

Тэнгэрээр нэг залчихсан шүлэгс минь

Одод лугаа гэрэлтээд

Тэмдэг төдий цэнхэр гэрэл

Үр хойчсын минь хонгон дээгүүр өнхөрнө

Энгэрээр нэг царцчихсан гуниг юүгээн тэврээд

Эр хонгорхон зөгий болж

Тэнгэрийн гоод шунан одно

Эгүүрд уярахуйн шалтгаанд

Өвс лүгээ мэхийж

Ижийхээ сэтгэлийг он цагт алдчихсанаа сая нэгэнтээ ухаарна

Этгээд хачин аялгууг

Чихнээс бусад аль нэгтээгээр сонсон сууж

Эрт баларлагийн туурин дээр

Гүнж цэцэг лүгээ завилчихсан байна

Шүүдэр хөлстэй хөх борлог морьд

Дэргэдүүр минь ергөөд

Сүүлчийн амьсгалтай минь хамт

Жигүүр урган одохыг нь хээв нэг ажаад

Минийх болоогүй охидын тухай бодож амжих шиг хачин мэдрэмжид эзэмдүүлж

Чинийх болоогүй өөрийхөө дүрийг толинд ажих шиг уйтгартай байна

Чинад гэрэлтэгч жимст моддын дор

Бурхдын мэлмий инээж

Чимээгүй явсан он жилүүд

Буруу зөвийг минь магтан дуулж Сарны тэргэлхэн бүжиг охидын даашинзыг дэрвүүлээд

Саяхан энд байсан шүлэгч хөвүүн үхлийн өөдөөс хундага өргөнөө.

  

Холбоотой мэдээ