Худалдааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
ХХААХҮЯ, ГХЯ, Улаанбаатар хотын ЗАА, МҮХАҮТ, МУИС, ХУИС, ШУТИС хамтран ойн үйл ажиллагааг энэ сарын 15, 16-нд зохион байгуулна. Тухайлбал, худалдааны салбарын ололт амжилт, сургамж, өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаарх судалгаа шинжилгээний дүнг хэлэлцэж, салбарын бодлого, зохицуулалтад тусгах санал, зөвлөмж боловсруулах “Монголын Худалдаа 100 жилд: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 15-нд хийх юм. Энэ нь “Худалдаа”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” гэсэн хоёр салбар хуралдаантай. Хуралд Монгол, Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНХАУ-ын төрийн байгууллага, олон улсын байгууллага, ТББ, мэргэжлийн холбоо, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвийг төлөөлсөн ажилтан, судлаачид оролцож, илтгэл танилцуулж, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Харин энэ сарын 16-ны өдрийг Худалдааны салбарын бүтээлийн өдөрлөг болгон тэмдэглэнэ.
Зуун жилийн ойд зориулан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулдаг худалдааны салбарын түүх, одоо, ирээдүйн хөгжлийн ойлголтыг багтаасан “Худалдааны түүхийн сургамж” номын нээлт болох аж.
Номыг Монгол Улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор Б.Шаравсамбуу эмхэтгэжээ.
Үүнээс гадна Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Нагнайдоржийн бүтээсэн “Худалдааны салбарын 100 жил” түүхэн баримтат киног нээнэ. Мөн “Монгол шуудан” ХК-иас бүтээсэн “Худалдаа, үйлчилгээний салбарын 100 жил” шуудангийн марк, МҮХАТ-аас худалдааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргана.