"Морин хуур 33, 34" наадам Төв аймагт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-14 20:47:23

Төв /МОНЦАМЭ/ Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур 33, 34” дэх наадмын шилдгүүдийн шагнал гардуулах ёслол, гала тоглолт “Монгол туургатан” театрт боллоо.

"Морин хуур 33" дахь наадмыг 2020 онд зохион байгуулах байсан хэдий ч "Ковид-19" цар тахлаас шалтгаалан хойшилж энэ жил "Морин хуур 34" наадамтай хамт зохион байгуулж байгаа юм. Тус наадмууд шилжин явах цом, мөнгөн шагналтай бөгөөд нэг жилд хоёр наадам зэрэг болж буйгаараа онцлог хэмээн албаныхан мэдээллээ.


Монгол үндэстний дууны уран бүтээлийн урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэн уран бүтээлчдийг алдаршуулах, оны шилдэг дууг шалгаруулах зорилготой “Морин хуур 33” дахь наадмыг мэргэжлийн болон нийтийн, эстрад дууны гэсэн гурван төрөлд шилдэг уран бүтээлчдийг шалгаруулсан бол "Морин хуур 34" дэх наадмыг мэргэжлийн болон нийтийн гэсэн хоёр төрөлд нийт 26 оролцогчоос шалгаруулсан юм.

Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-34” уралдааны “Гран при” шагналыг Гавьяат жүжигчин, дуучин Э.Анхбаярын дуулсан "Жаргал дүүрэн эх орон" дуу хүртжээ. Энэ дууны аяыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, шүлгийг нь Ц.Баярхүү зохиосон ажээ.



Холбоотой мэдээ