Хүчирхийлэл хүүхдийн дэргэд үйлдэгдэж, тэднийг хохироосоор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-16 11:44:20

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Прокурорын газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил болон хүүхдийн дэргэд үйлдэгдсэн байдлыг судалсан байна. Тухайлбал оны эхний 3 улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 274 гомдол мэдээлэл бүртгэжээ. Үүнээс 18 гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Хүчирхийлэл үйлдсэн 15 холбогдогч нь хүйсийн хувьд бүгд эрэгтэй, 10 буюу 66.6 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн дэргэд үйлдсэн. Энэ төрлийн зөрчилд нийт 22 хүүхэд хохирогч болсноос гэр бүлийн хамаарал бүхий хүүхдээ зодсон 3, хүүхдийн дэргэд архидан согтуурсан 2, хүүхдийн дэргэд эхнэрээ зодсон 10 зөрчлийн хэрэг бүртгэгджээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн хувийн байдал, нас хүйс, боловсролыг дүгнэхэд ихэвчлэн эрэгтэй, 25-35 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй, эсхүл хувиараа хөдөлмөр эрхэлдэг, боловсролгүй, бүрэн бус дунд болон дээд боловсролтой иргэд холбогдсон байх ба иргэд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэдэг, улмаар гэр бүлийн гишүүдтэй таарамжгүй харьцах, хардалт, ялимгүй зүйлээс болж хэрүүл маргаан үүсгэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн талаар ойлголт, мэдээлэлгүй зэргээс болж үйлдэгддэг аж.

Иймд хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, гэр бүлийн гишүүдэд бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлэхгүй байх, хүүхдийн эрхийг хүндэтгэх зэргээр ирээдүй хойч үе болсон балчир үрсдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэн, хайр, халамжаар тэтгэн өсгөхийг хууль, хяналтын байгууллагаас иргэдэд уриаллаа.

Холбоотой мэдээ