НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-16 14:24:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр нийслэлийн автозамын түгжрэлийг шийдэх бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцов. Нийслэлээс 2022 онд нийтийн тээврийн паркийг 500 автобусаар шинэчилж байгаа болон BRT буюу тусгай замын автобусны төслийн тухай дурдлаа. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол багассаныг талууд онцлон, дараагийн арга хэмжээ юу байх талаар санал солилцов. Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Иймд сайжруулсан шахмал түлшээр айл өрх, албан байгууллагыг хангах нь агаарын бохирдлыг багасгах шийдлийн зөвхөн нэг нь учраас дараагийн дэвшилтэт аргыг төлөвлөж, нэвтрүүлэх  нь чухлыг НИТХ-ын дарга хэлэв. Тэрбээр газан бойлуураар халаах, дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах, газар дээрээ иргэд амины орон сууц барих дэд бүтцийг нь шийдэх зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээ тэмдэглэжээ.


Түүнчлэн талууд хоёр  улсын  ах дүү  хотуудын талаар санал солилцлоо. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Дипломат харилцаа, ах дүү хотуудын гэрээнээс гадна америк, монгол иргэд боловсрол, соёл урлаг, эдийн засаг гээд салбарт хамтран ажиллаж, хоёр улсын харилцааг бататган, баяжуулсаар байна. Өөрөөр хэлбэл “ардын дипломат”-ын үүргийг хоёр орны иргэд гүйцэтгэсээр ирсэн. Энэ нь хоёр улсыг холбох хамгийн том гүүр юм” хэмээжээ. 

Холбоотой мэдээ