МОНГОЛ ТӨРИЙН ОРОН ЗАЙ МОНГОЛ ТӨРИЙН ОЙ САНАМЖ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
khandmaa@montsame.gov.mn
2021-12-20 11:57:52

... ХҮН улсаас МОНГОЛ хүрсэн эх газар минь ТӨРИЙН ОРОН ЗАЙ буюу! ХҮННҮ гүрнээс ХАМАГ МОНГОЛ гэгдсэн түүх минь ТӨРИЙН ОЙ САНАМЖ буюу!


Нэг. МОНГОЛ ТӨРИЙН ОРОН ЗАЙ

Дэлхийн оройд ч гэхээр, дэнжийн тэг дунд ч гэхээр Азийн тивийнхээ зулайд ч гэхээр, алаг бөмбөрцгийн энгэрт ч гэхээр хув хуурай эх газрын төвд орших Монгол Улсынхаа сая таван зуун хавтгай дөрвөлжин газар нутгаараа бид эхлээд бахархах учиртай. Энэ газар нутгийн хөрс шороон дороос хүн үүссэн хүй нэгдлийн ул мөрөөс эхлэн миний бичих гээд байгаа Хүн улс Хүннү гүрний хамаг өв соёлын түүх дурсгал гарч ирсээр байна. Ийм эх газар, эрдэнэст хөрс шороо, элс, өвс, ус, чулуу бүхнээс Монгол Улс, Монголын түүх үнэртэж байдаг. Үүнийг л би эн түрүүнд Монгол Улсын минь, монгол төрийн минь ОРОН ЗАЙ гэж хэлнэ. Хэлэхээс аргагүй юм. Дэлхийн газрын зураг дээрх Монгол Улсын газрын зураг бол яах аргагүй бидний орших, амьдрах ОРОН ЗАЙ. ТУСГААР ТОГТНОЛ, ҮНДЭСНИЙ ХИЛ ЗААГТАЙ БҮРЭН, БҮТЭН ОРОН ЗАЙ ЮМ. Энэ бол Монгол Төрийн орон зай юм. Батлах нотлоход ч амархан.


Археологийн олдвороос эхлээд алган дээрх чулуу бүхэнд энэ орон зай бий. Эртнээс өнөөдрийг хүрсэн газрын зураг, эдүгээгийн газар шороонд энэ орон зай байсаар байна. Түүх, цаг хугацааны дунд Томоор ч үлдсэн, тасарч нийлсэн, жижгэрч байсан, эргээд нэгдэж хүчирхэгжсэн, эвдэрч бутрахад таллаж багассан...гээд архивт ч байх, археологид ч байх, нүүдлийн хөлд ч үрэгдсэн, дайн самууны галд ч шатсан, гарцаагүй яг одоогоороо үлдэж бидэнд үлдсэн Орон зайг хэн ч үгүйсгэж чадахгүй ээ. Балар эртээ байг гэхэд лалар бүхнийг сөхөхөө больё гэхэд судар номноо тэмдэглэгдсэн, өдгөө ч үзэгдэж баригдах хүн чулуу, буган чулууныхаа буй газар шороогоор бид МОНГОЛ УЛСАА баталж чадна. Энэ орон зай, үүх түүхээрээ бид ТӨРИЙН ОРОН ЗАЙГАА ч нотолж чадах юм. Үүгээрээ л бид бахархдаг.


ТӨРИЙН ОРОН ЗАЙ гээд байгаа минь, тэр орон зайгаараа бахархах гээд байгаа миний нийтлэл ч энэхэн орон зайн бага сага түүхээс эхэлнэ. Нүүдэлчдийн үлдээсэн өв багахан ч, үлдсэн газар шорооноос миний нийтлэлийн хэлэх санаа, бичсэн баримт нотлогдон батлагдах байх гэж найдна. Бидэнд бас ч гэж баримт багагүй байна. Тэмдэглэсэн бичлэг олдох нь цөөрсөн ч бичээд үлдээсэн хадны зураг, шүлэг байгаа нь л үнэн бөлгөө. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Би үүнийг тодорхой он цаг, тод үсгээр бичээгүй ч бидэнд үлдсэн хадны зураг, хүн чулуу хоёроороо нотолж чадна. Төв Азийн нутаг 2000 жилийн өмнөхөөр зогсохгүй 5000, 10 000 жилийн өмнөх, бүр хэдэн сая жилийн өмнөх олдвороороо Монгол Улсын өвөг, монголчуудын амьдарч ирсэн орон зайг баталж нотолсоор байна. Бидний баттай тодотгож нотолсноор Азийн Чин, Хан /үүнийг би Хүн гэж бичих, бодох дуртай/ хэмээх анхны нэгдмэл улсууд оршин байхуйгаас хүчирхэгжсэн Хүннү гүрний хаанаар Модун сайн хааны улс буюу монголчууд бидний түүх дэлхийд тодорхой болжээ. Он цаг нь 210 он гэнэм.


Энэ үеийн л Хүн чулуу, археологийн олдвор одоо ч байсаар байна. Шүлэг яруу найргийн балархай мөр шад ч байсаар байна. 210 жилийн цагаан барс жилд Модун хаан тамга, ширээнээ заларсан удахгүй ирэх Барс жил бид Монгол Төр, түүхээ батжуулан дурсах цаг тохиож буй нь бахархалтай. Энэ түүхээр улбаалбал Үндэсний тусгаар тогтнолын 110 жилийн ой бол зөвхөн өчүүхэн хэсэг нь болох юм. Гэхдээ бидний өнөөдрийн Монгол Улс, төр, тусгаар тогтнолын гол зангилаа, залгаас болж буйг тэмдэглэлтэй. Тиймээс ч 210 жилийн төрийг энэхүү 2021 оны төр, түүхтэй холбон бодохоос аргагүй юм. Хан буюу Хүн гүрний түүхийн болоод Төрийн ОРОН ЗАЙГ ийнхүү хөндөж байгаа юм. Болгоох буйз аа. Сяньби, Жужан, Хүн гүрний түүхийг бүүр 150 онд хаан ширээнд суусан 16 настай Таншихуай хөвүүний суудлыг хөндвөл миний сөхсөн Орон зай томроод, он цагийн хугацаа ч сунаад л явчихна. 150 он нь бас л билгийн тооллын шар барс жилтэй дүйж байх нь ч сонин. Тэр үеийн сударт "Сяньби нарын сүр хүч Хүн, Хүннүгээс нэн хэтрүү байв" гэж айн эмээн бичиж байжээ. Тэгэхээр Хүн, Хүннү гүрний үед үүнээс ч илүү айн эмээж байсныг хэлэх юун. Тэр үеэс эхлээд Төрийн орон зайг үе залгамжилсан хаад 700 гаруй жил тасралтгүй барьжээ. Түүнээс хойш Хүннү нарын угсаа залгамжлагчид бас л 1000 гаруй жил төрийн орон зайг хамгаалжээ. За тэгээд Их Монгол, Хамаг монгол буюу Агуу их Чингис хааны ураг удам 13-17 зууныг хүртэл 800 гаруй жил тасралтгүй Монгол Төрийн орох зайг эзэгнэжээ.


"Монголын нууц товчоо"-нд бичсэнээр "Одтой тэнгэр орчсон, олон улс хямралдсан, орондоо орох завгүй олзлон булаалдсан" орон зайг бид ч, дэлхий ч онцлон дурдаж, Монголын төр, түүхийн орох зайг нэн тод томруун баттай хэлж, ярих боллоо. Энэ бүх түүхэнд дэлхийн түүхийн хамгийн манлай хүнээр тодорсон Тэмүжин-Чингис хааны ОРОН ЗАЙ үнэхээр том юм. 1189-1206 оны хооронд Хүн, Сүмбэ, Нируны хуучин газар нутгийг тогтоон барьж чадаад Хүннүгийн Модун хаанаас өвлөсөн нүүдэлчдийн төрт ёсыг сэргээн газар нутгаа ч, төрт ёсоо ч тэлж томруулан хүчирхэгжсэн түүхийн гэрч нь "Их засаг" хэмээх анхны бичигдмэл хууль юм. Энэ "Их засаг" хууль гарсан 1200 он бол бас л гал барс жил байсан нь бүр сонин. Энэ үеийг түүхчид, судар ном бичигчид нүүдэлчдийн хамгийн том нэгдмэл улс буюу 5 их улсын 5 барс жил хэмээсэн ч буй. Энэ түүхийг 21 дүгээр зууны шинэ Монгол Улс, нүүдэлчдийн удмын өв хөрөнгийг өвлөгч бидний үеийнхэн баталж Эзэн гэж нэрлэгдэж буй нь гайхамшигтай. Өнөөдрийн "тусгаар тогтнолын үнэ цэн" гэж ярьж буй Үндэсний тусгаар тотнолын 210 жилийн ой ч мөн л бар жилийн босгон дээр тохиож байгаа нь онцлохоос аргагүй үйл явдал юм.

Энэ л түүхэн цагт Монгол төрийн ОРОН ЗАЙГ ч бичигч бивээр онцолж байгаа юм. Энэ л орон зайг гарцаагүй МОНГОЛ ТӨРИЙН ОРОН ЗАЙ гэж нэрлэж буй юм. Газар нутгийн орон зай ч, төрт ёсны орон зайг ч ийнхүү нотолж байгаа минь энэ. Зүгээр л доорхи хэдэн зураг миний бичсэний нотолгоо юм.


 

Дээрх зургуудаас харахад л МОНГОЛ УЛС ба МОНГОЛ ТӨР ямархан байсныг мэдэж болно. Монгол ТӨРИЙН ОРОН ЗАЙ" гэж миний хэлсэн хэнд ч ойлгогдоно.


Хоёр. МОНГОЛ ТӨРИЙН ОЙ САНАМЖ

Энэ бол дээр өгүүлсэн түүхийн ОЙ САНАМЖИЙГ хөндсөн асуултын хариулт болог. Өмнөх их түүхийнхээ ой санамжийг бид Их хаадынхаа домог түүх, аман яриа, дуу шүлгээс мэдэж авдаг ч гарт баригдаж, зүрх сэтгэлд бат ноттой буудаг нь "Монголын нууц товчоо" судар, " Их засаг хууль хоёр бөлгөө.

Чингис хааны 9 өрлөгийн нэг Боорчи анд нь Чингис хааныг " Хаан хүний 35 эрдмийг төгс эзэмшсэн суут их богд" хэмээн магтсан байдаг. Чингис хааны энэхүү суу билгийг хятадын бумбын шашны эцэг гэгдэх Чан Чунь баталсан юм. Тэрбээр Чингис хааны урилгаар их хааныг шинжиж, худал хэлэх, хууран мэхлэх аваас толгойгоо цавчуулах тул "Их засаг" хуулийг барьж байгаад өчсөн нь Боорчийн шинж тэмдгийг 100 хувь баталснаар нотлогддог. "Чингис хааны "Хэрхэхийг Мөнх тэнгэрийн хүчин мэднэ" гэсэн үгийг ч тайлбарлаж чадаагүй өвдөг сөхөрсөн Чин Чунь бумбын бууж өгсөн нь ч бас нэг нотолгоо. Дэлхийд давтагдашгүй, аль ч хаадын өмнө байгаагүй "Их засаг хуулийг ч Чин Чунь " Их Засаг хууль ямар ч анги давхарга, сонирхлын эрх ашгийг эн тэгш, эрх мэдлийг тэнцүү хуваасан" Их хууль" гэсэн байна. Энэ хуульд бурууг үйлдвэл Их хааны толгойг ч иргэн харцтай адил авна гэж заасанд үнэхээр л биширч байжээ.


Хаан хүний эдлэх ёсгүй эрхийг ч "Их засаг"-т заасан байдаг. Энэ бол одоо ч дэлхийд гайхагдаж, дэлхийн ямар ч хаан энэ хууль шиг хууль гаргаж, өөрөөсөө эхлээл мөрдөж чадахгүй байна. Суу хүний алдаа ч "Суут алдаа" болдгийг мөн ч олон үеийн хаад, жанжид, улс гүрний удирдагчид бидэнд "алдаа"-гаараа сануулсаар байна. Их хуралдайгаар баталсан " Их засаг" хууль бол Монгол Төрийн ОЙ САНАМЖ" юм. Энэ хууль болоод ТӨРИЙН ОЙ САНАМЖ"-ийг Тататунгаа, Шихихутаг, Юлей Чуцай нарын олон эрдэмт мэргэд биеийг чилээн, билэг оюуныг шавхан бидэнд үлдээсэн нь тун чухал "ОЙ САНАМЖ" болсоор байна.

  "Монголын нууц товчоо", "Их засаг" хоёрт буй Төрийн нууц хар хайрцагны бодлого, судрын алтан нууцсыг тухайн хар хятад, цагаан солонгос, сүүлийн өрнө Европын шар, хар, цагаан хар эрдэмтэд тайлж чадахгүй өнөөдрийг хүрлээ.

Энэ том ТӨРИЙН ОЙ САНАМЖ-аа ч бид алдалгүй өнөөдөртэй золголоо.

Монголын нууц товчоо бол тун нууцсыг агуулсан хэвээрээ байна. Хэрлэнгийн хөдөө арал Шилхэнцэг хоёрын завсар их хааны орд бууж бүхийд бичиж дуусав гэсэн нууцыг хэн ч тайлаагүй. Мөн нууц товчоог ганц хүн үү, хэдэн хүн бус, нэлээд хүн бичсэн үү гээд асуултад хариу олоогүй байгаа бид. Яавч хавар, намарт хуралдах Их хуралдайн Сэцдийн зөвлөлөөр хэлэлцүүлэн санал шүүмжлэлийг авч, нэмж, хасч үргэлжлүүлэн бичсээр 1240 онд Өгөдэй хааныг өөд болохын өмнө л дуусгасан гэх баримт буй. Монголын төрийн ёсны түүхэн ач холбогдолтой олон үйл явдлыг ил мэт боловч далд утгаар дүүрэн эл зохиолыг бичихэд оролцогчдын ихэнх нь 1240 он гэхэд тэнгэрт одсон байсныг бод доо. Их хуралдайгаар ийнхүү Төрт ёсыг хэлэлцэхээс гадна аравт, зуут, мянгадын хэрэг явдал, хүн ам, хэрэг зарга, хийх ажил, хийсэн ажлаа ч хэлэлцдэг байсан нь өнөөдрийн Парламент-Улсын Их Хурлын ууган эх үндэс, тулгын галтай бууц суурь яах аргагүй мөн билээ. Энэ их түүхэн хугацаанд Монголын Үндэсний эрх чөлөөг бадран мандуулсан Богд хаант Монгол Улсын хоёр танхимт Хурлыг ч дуудан дурдах учиртай. Манжийн боолчлолоос чөлөөлөгдсөн энэхүү Үндэсний Эрх чөлөөний хувьсгалын түүх өнөөдөр 110 жилийн түүхэн өдөртэй удахгүй золгох гэж байна. 1911 оны 12 дугаар сарын 26 бол энэ түүхэн өдөр. Энэ өдрөөс эхлэн дэлхийд Монгол Улсыг Богд хаант Монгол гэх болсон. Богд хаант Монгол Улсын анхны 5 яамыг байгуулсан нь ч тусгаар тогтнолын тод түүх юм. Монголын язгуурт ноёд санаачлан дороосоо бус дээрээсээ өрнөсөн болохоор Монгол ноёдын хувьсгал гэж өнөөдөр зоригтой хэлэх болов. Дээрээсээ ноёд, бүүр Богд хаанаасаа хөдөлсөн хувьсгалыг дороосоо ард түмэн дор нь л дэмжин босоцгоосон юм. Тэгэхгүй бол дороосоо босох арга үнэндээ байсангүй. Улиастай 2000 цэргийн бослого үүнд их нөлөөлсөн. За ядаж Богд хаант Монгол Улсын анхны том хуралдайд 500 гаруй ноёд өтгөс оролцсон яриа бий. Үүнээс өмнө ч Өндөр гэгээн Занабазарыг хаан төр барьж байхад хуралд мөн л 500, түүнээс ч олон хаан, ноёд оролцож байсан гэдэг. Ойрадын Галдан бошгот хааныг мөнх бус үзүүлсний дараа Төв халх, Ойрад ноёдын мөн л Монгол Улсаа нэгтгэхийн төлөө 500 хүний их хуралдай, чуулга болж байжээ.


Ер нь Монголын нууц товчоонд алив хуралдайн тухай их нууцалсан байдаг. Мэдээж Хамаг монголын дэлхийд цуутай "Пан Монголын амар амгалан" цаг дор ямар ч том хуралдай 500 ба түүнээс ноёд, хаадтай болж байсныг үгүйсгэх аргагүй. Өгөдэй хаан болоод Хувилай хаант засгийн Их Юань гүрний үед ч чухам Их хуралдай бол дэлхийд байгаагүй Парламент ёсыг тогтоосон гэхтэй ч хэнбугай зөрж чадахгүй байх аа. Тэр их хаадын үед Адууны яам, Шинжлэх ухааны яам, Одон орны яам гээд байсныг бод доо. Мөн Төрийн их хөгжим ёслолын яам ч байсан мэдээ байна. Энэ агуу түүхийг тасалж, монгол орныг улам л тархай бутархай байлгах гэсэн ураг нэгт хаад, удам ижилт хатад, Улсаа самарсан бага хаад, хатдын түүхийг ч үгүйсгэх аргагүй.  


Мэдээж Манжийн 200 гаруй жилийн дарангуйлал, талхинд байхдаа монголчууд ТӨРИЙН ОЙ САНАМЖАА гээсэнгүй. Төрийн орон зайгаа ч алдсангүй. Энэ түүхийн тасархайг залгах, хадгалахад Өндөр гэгээн, Галдан бошгот хоёр хоёулаа л чамгүй их оюуны хөлс, биеийн цус гаргасан билээ. Энэ дунд Хотгойдын шадар ван Чингүнжавын гавьяа их буй. Ойрадын олон хаад, Амарсанаагийн гавьяа ч буй. Их хаадын үе дуусч бага хаадын үеийн хямрал, эв эвдрэх, эе нэгдэх үеийн цор ганц баримт, үнэн түүх бол Цогт хун тайжийн хаднаа бичиж сийлсэн яруу найраг, төрт ёсны шүлэг юм. Энэ түүхэн хадны бичиг бол өнөө ч бидэнд ирсэн ТӨРИЙН ОЙ САНАМЖИЙН ТОМ ТҮҮХ, ГЭРЧ болдог. Түрэг, Уйгарын үеийн олон хөшөө, бичиг дурсгалууд ч хад чулуу, булш бунхнаас гарч ирсээр байна. Түүхэн гэрч болсоор байна. Өнгөрсөн ковидын хаалттай хоёр жилд ч монгол эрдэмтдийн булш археологийн судалгаанаас Монгол Улсын төв нутгийн хэвлийнээс Хүннү гүрний Луут хотын булш олдлоо. Энэ бол Төрийн орон зайны болон Ой санамжийн бат ноттой баримт гэрч болов.

Энэ мэт олон сайхан жишээ бидэнд бий. Нэгтгэн хэлж гаргавал нэн сайнсан. Наад зах нь Их хуралдайн 1189-1206 он хүртэлх Сэцдийн зөвлөлийг 9 өрлөгөөс эхлэн нэр устай нь судалж гаргавал их сонин, тун ховор түүх болно доо. Энэ ажлыг Г.Занданшатар даргатай Улсын Их хурлын үед хийж эхлүүлж, болж өгвөл хэрэгжүүлээсэй гэж хүснэ. Ядаж эхлүүлэхэд л их сайн хэрэг, түүхэн явдал болно. Энэ бүхнийг сэргээхэд бидний амаар ярьдаг, түүхээр сэргээх гэдэг олон нууц тайлагдаж, Тан улсаас хойш задарсан Хятадыг нэгдмэл болгосон Хубилай хааны Юань гүрний тасалдал, бүр урагш Бат, Зүчийн үеийн европ, оросын вант улсуудын хүчирхэжсэн, одоогийн хоёр хөрш их гүрний хүчирхэг түүхийн эх суурь ч Монгол Төрийн орон зай болон Төрийн ой санамжийн тасархайг хар аяндаа залгаад л өгнө. АНУ-ын конгрессоос Чингис хааныг Мянганы суут хүнээр зарласан түүх ч мадагтай болно. Мөн Чингис хааны үеэс Өгөдэй хааны хүртэлх Их Монголын их нийслэл Хархорумд Христос, Лал, Буддын сүмд баригдаж, олон шашныг нэгтгэсэн түүх ч миний дэвшүүлсэн Төрийн Ой санамжийн баримт болох юм. Ёстой хөдөлшгүй нотолгоо үүнд буй. Чингис Өгөдэйн үеийн хүчирхэжлийг "Эе эетэйн хүчинд хамгийн хаан, Улсын эзэн болмуй заа" гэсэн Худай сэцний үг нотолж өгдөг шүү. Чингис хаан өөрөө ч энэ үед "Биеийг хураах гэж бүү яарагтун, сэтгэлийг хураахыг эрхэмлэгтүн, сэтгэлийг хураавал бие нь хаа холдох аж" хэлсэн Дэлхийн их гүрнийг удирдсан их хааны туршлагаас үүдсэн үг юм. Үүнийг ч "Биеийн бөх бөгөөс ганцыг ял юу

Сэтгэл бөх бөгөөс олныг ял юу" гэсэн Чингисийн айлдал батална. 16 наснаас 66 нас хүртлээ таван өнгө, дөрвөн харь их гүрнийг нэгтгэж дэлхий дахиныг даяаршуулан нэгэн гэр бүл, төрт ёсонд багтаан удирдаж чадсан Чингис хааны ТӨРИЙН ОЙ САНАМЖ өдгөө хүртэл Монгол Төрийн гол ой санамж болсоор байна. 1185-1206 он хүртэл Чингис хаан дотоодын их бага 32 дайн тулааныг даван гарч ялалт байгуулж, монгол угсаатны 81 аймгийг нэгтгэжээ. Дэлхийг удирдсан түүхэн орон зай дотроо хэдэн тив, хичнээн улс гүрнийг нэгтгэснийг, хэр хэмжээний уудам газар нутгийг эзэлснийг Дэлхийд үлдээсэн их газрыг зураг нотлоод өгнө.


Дэлхийн бөмбөрцгийн хагасыг бүрэн эзэлсэн гэдгийг эндэс харж болно. Ии хаан маань энэ үедээ " Бүтэн бие минь зовбоос зовтугай

Бүрэн улс минь бүү задартугай" гэсэн алдарт үгээ хэлжээ. Эзэнт гүрний хууль зүйн гол тулгуур бичиг 1218 онд баталсан Чингисийн яасса /ёс/ айлдварууд 200 зуунч турш монгол төрийн бодлого, хууль ИХ ОЙ САНАМЖ болсон аж. Энэтхэгийн их сэтгэгч Ж.Неругийн хэлснээр "Цэргийн урлагийн хичээлүүдийг Европынхонд заасан" ОЙ САНАМЖ юм. Орос болоод Евродын вангууд, өрнөдийн болон дундад ази, арабын шахууд " Нохойноос айдаг Тэмүжин дэлхийг байлдан дагуулах гэж юу байдаг юмб" гэж шоолө байснаа сүүлдээ бүгд өвдөг сөхрөн бууж өгснийг яалтай билээ. Тэр ч бүү хэл жил бүр Хархорумд ирж биеэр татвар, өргөл, алба гувчуураа авчрах тушаадаг болсон байна. Чингис хааны Их амар амгалангийн үед дэлхийн хаанаас ч хаа хүрсэн 16 настай охины биед халдах их зүрхтэн байгаагүй гэдэг. Чингисийн алтан гэрэг дэлхийн нэвтрэх бичиг, бие хүний дархан бичиг, биеийг хамгаалах гэр бичиг болж байжээ. Мөн 13 зуунаас эх авсан дэлхийн даяаршил эхэлж, Нанхиад, жүүд, орос, герман, славян үндэстнүүд сэргэж, хүчирхэгжиж, жагар, англи, америк, франц, италийн олон мэргэд монголын туршлагыг судалж дэлхийд түгээж байжээ. Энэ их ой санамжийг араб, перс, итал, франц, герман, англи хэл дээр түгээн тархааж байжээ. Монгол хэл хааны унаган монгол хэл маань дэлхийг эзэлж, зар бичгээс зарлиг лүндэн бүхэн Монгол хэл дээр яригдаж, гэрэг, сударт үлдэж өнөөдрийн англи хэлээс ч илүү дэлхийг эзэмдэж байв. Монгол төрд, хааны албанд заавал монгол хэл, бичиг, боловсролтой хүн тэнцдэг байжээ. Монгол хэл, бичгийг ч Төрийн албах ёсны хэл, бичиг болгожээ. Түүнээс хойшхи олон он жилд 10 гаруй бичиг үсгийн дундаас 1000 гаруй жил хэрэглэгдсэн монгол бичиг бидний үед уламжлагдан ирээд байна. Энэ бол мөнөөх МОНГОЛ ТӨРИЙН ОРОН ЗАЙ, ОЙ САНАМЖ мөнөөс мөн буюу. Нүүдэлчдийн олон судар бичиг, цадиг түүх, шашдир номыг галдан шатааж устгасаар байсан ч мөн л олон судар ном бидэнд ирж Үндэсний төв номын санд хадгалагдсаар байна. Орос, Франц, Англи, Энэтхэг, Хятад, Америкийн архив түүхийн номын санд ч зөндөө бүтээл бүртгэгдэж хадгалагдсаар байна. Энэ их ОЙ САНАМЖИЙГ хэзээ ч устгаж чадахгүй. Нэн ялангуяа ард түмний дундах, улс гүрнүүд дамжсан аман яриа, домог түүх, үлгэр, дуу, магтаал, ерөөл зэргийн ОЙ САНАМЖИЙГ тоолж баршгүй.


Үүний нэгхэн тод жишээг энд ишлэн тодотгоё. Чингис хааны өмнө Мухулай анд нь мэхийж " Таны ач Есүнхэ 335 алд харваж түрүүлэв" гэхүйд их хаан " Энэ ач Есүнхэгийн мэргэн сум намайг тэнгэрт хальсан Хасар дүүтэй минь учруулав. Миний дүү Хасар төрийн их бичгийг санаачлан зохиолгож, бичиг эрдмийг дэлгэрүүлсэн билээ. Би дүүгээ мартахыг шахжээ. Монгол Улс үүнийг мартаж болохгүй. Түүний хүү миний ач Есүнхэгийн энэ амжилтыг эмтэршгүй бөх чулуун дээр элшгүй эрдэнэ монгол бичгээр сийлэн мөнхжүүлсүгэй гэсэн байдаг. Хасар бол 555 алд газар харвасан суут хүмүн шүү дээ. Энэ бүхэн бол заавал дурдах баримт гэрч бичээс мөн л Монгол төрийн Орон зай, ой санамж юм.

Бас нэгэн зүйлийг сануулахад Их эзэн Чингис хаан " Монголчууд нэгэн цагт хүүхэд, нохойн доог болох бий вий, тэр цагт намайг сэрээгээрэй" гэж гэрээсэлжээ. Энэ бол өнөөгийн төрд ч, төрт ёсонд ч их том сануулга өгсөн болсон үг шүү. Ёстой л ТӨРИЙН ОЙ САНАМЖ болох үг. Монгол төрийн ой санамжийн тухайд Германы их сэтгэч, гүн ухаантан В.Гегель "Хүннү төр л дэлхийн анхны төр улсын бий болгосон" гэдэг үг өрнө европод түгсэн бол, энэтхэгийн Ж.Неругийн "Чингисийн цэргийн хүч дэлхийд цэргийн хичээл заасан гэх үг одоо ч НАТО болон дэлхийн олон улсын цэрэг стратегийн туршлага болсоор байна. Бүүр монголын 1921 оны Ардын хувьсгалыг дэмжин туслагч, их сэтгэгч, коммунист үзлийг дэлгэрүүлэгч В.И.Ленин зохиолууддаа "Хүн төрөлхтний бий болгосон бүхий л оюуны баялгийг эзэмшиж байж сая коммунист" болох тухай сургасан энэ замналаар мөн л Монгол Улс болон ЗХУ-аар толгойлуулсан социалист орнууд 70 гаруй жил хөгжлийн замаа болгож ирлээ. Энэ үед мөн л МОНГОЛ ТӨРИЙН ОЙ САНАМЖ алдраагүй юм. Харин ч баяжин тодорсоор Үндэсний Эрх чөлөөний тусгаар тогтнолын 110 жилийн түүхийн залгаас болж ирлээ. Шинэ Монгол Улсын ардчилсан хувьсгалын 30 жилийн түүх ч энэ түүхэнд орно. Энэ хугацаанд Их хуралдайн тасарсан түүхийг холбосон Монгол парламентын түүх зүй ёсоор орно. Монгол Төрийн орон зай монгол улсын газар нутгаар хэмжигдэж, Монгол төрийн ой санамж дээр өгүүлсэн түүх, төрийн ёс зүй, судар цадиг, өв соёлоор хэмжигдэнэ.

 

Энэчлэн өчүүхэн миний дэвшүүлсэн МОНГОЛ ТӨРИЙН ОРОН ЗАЙ, МОНГОЛ ТӨРИЙН ОЙ САНАМЖ гэсэн асуудал хөндсөн нийтлэлийн амь ч үүнд оршиж байгаа юм. Монгол төрийн орон зай, ой санамжийг сэргээхэд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 110 жилийн ойн өдрөөр Улсын Их Хурлын чуулганы нэг өдрийг Хархоринд хийхээр болсон УИХ-ын дарга Г.Занданшатарын шийдвэр зөв бөгөөд хойшлогдсон нь харамсалтай. Уг нь хийе гэвэл Богд хааны музейд дээрх чуулганыг хийж болох юм. Энэ нь Богд хаант засгийн байгуулсан Үндэсний эрх чөлөөний 110 жилийн ойтой тун их холбогдоно. Энэчлэн төрийн орон зай, ой санамжийг сэргээе гэвэл Чингис хааны хаан суудалд суусан Бурхан халдун, Монголын нууц товчоог бичиж дуусгасан Хэрлэнгийн хөдөө арал, Өгөөдэй хааны амьдарч байсан Монголын нийслэл Хархорум зэрэг газруудад УИХ-ын чуулганыг хийж болохоор байна.

Сэтгүүлч: Жигмэдийн Батсайхан

2021.12.19. 20:20 цагун дору.

Холбоотой мэдээ