Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 12.2 хувийг үйлдвэрлэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хөдөө аж ахуйн салбар 2020 оны байдлаар ДНБ-ий 12.2 хувийг үйлдвэрлэн, экспортын орлогын 12 орчим хувийг бүрдүүлж, улсын төсвийн зардлын 3.1 хувийг эзэлж байна.
Энэ салбарт
2010-2020 онд нийт 671.8 тэрбум төгрөгийн урамшуулал, татаас олгожээ. Үүний 76.9 хувь буюу 496.4 тэрбум
төгрөгийг мал аж ахуйн, 23.1 хувь буюу 175.3 төгрөгийг газар тариалангийн
салбарт олгосон байна. Энэ нь
татаасын бодлого зорилтот бүлэгт
хүрч, тэдний орлогыг нэмэх,
ажлын байрыг хадгалах, шинээр ажлын байр бий болгох зорилготойг “Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн салбарын бэлэн мөнгөнд суурилсан татаасын тогтолцооны бодлогыг
боловсронгуй болгох нь” семинарын
үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь оролцов.
Хөдөө аж ахуйн салбарт 180 мянга гаруй малчин өрхийн 300 орчим мянган малчин,
16.3 мянган тариаланч өрх, 1.5 мянган тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, хөдөө аж
ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрт 20 гаруй мянган өрх ажиллаж, хөдөлмөр
эрхлэгчдийн 23 орчим хувийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлж байгаа аж.
“Бид
дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуй, газар тариаланг
хөгжүүлэх, мэдлэгт суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэл явуулах,
хөдөө аж ахуйн нөөцийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах,
нэмүү өртөг бүтээх, гадаад зах зээлд
чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлж, хүнс экспортлогч орон болохыг зорьж байна. Мөн бүс нутгийн
хүнсний хангамж, хүртээмжийг сайжруулах, ядуурлыг багасгах, дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн
зорилтыг хангахад оруулах хувь нэмрээ улам бүр нэмэхийн төлөө ажиллана. Эдгээр
зорилтыг хэрэгжүүлэхэд “Монгол Улстай мэдлэг хуваалцах” хөтөлбөр ихээхэн нөлөө, дэмжлэг үзүүлнэ” гэдгийг дэд сайд Г.Батсуурь дурджээ.