“Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл хэрэгжиж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын мал аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээн дэх анхан шатны үйлдвэрлэгч буюу малчдыг чадавхжуулах, оролцоог нэмэх, мал аж ахуй эрхлэгчдийн амьжиргааг дэмжих “Хүртээмжтэй мал аж ахуй” урт хугацааны төслийг хэрэгжүүлж эхэллээ.
БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” олон улсын байгууллага КОЙКА олон улсын хөгжил хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн нээлтийн үеэр “Глобал Сивик Шэйринг” олон улсын байгууллагын ТУЗ-ийн дарга Ким Хэ Гён: “Хүртээмжтэй мал аж ахуйн тогтолцоог бүрдүүлэхэд манай байгууллагаас Монгол Улсын аль ч нутагт хэрэгжүүлж болохуйц жишиг загвар бий болгож, энэ загвар нь үр ашигтай, тогтвортой үргэлжлэхэд дэмжинэ” гэдгээ онцлов.
“Хүртээмжтэй
мал аж ахуй” төслийг 2021-2035 онд 3 үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний
үе шат нь 2021-2025 онд 5.3 сая ам.долларын санхүүжилттээр мал аж ахуйн
бүтээгдэхүүний өртгийн сүлжээг бэхжүүлэх, мал аж ахуй эрхлэгчдийг чадавхжуулах,
хоршиж нэгдсэнээр үйлдвэрлэлийн
гарц, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд анхаарах аж. Мөн малын зохиомол хээлтүүлгийн технологи, үйлчилгээг
дэмжин, малын үүлдэр угсааг
сайжруулах, тэжээл тариалалтыг
дэмжих, малын үржлийн
бүртгэл, мэдээллийн аппликэйшн нэвтрүүлж, платформ бий болгох, үнээний сүүний
чанар, боловсруулалтыг сайжруулж зах зээлд байр сууриа эзлэх үйл ажиллагааг
дэмжих, мал аж ахуй
эрхлэгчдийг чадавхжуулахаар төлөвлөжээ.
Тус төслийн үнээний түүхий сүүг чанараар ангилан үнэлэх
тогтолцоог нэвтрүүлэх туршилтыг зохион байгуулахад Зөвлөлдөх ажлын хэсэг хурал зохион байгуулав. Хурлаар ажлын хэсгийн болон Зөвлөлийн
гишүүд сүүний чиглэлийн үнээний эрчимжсэн
мал аж ахуйн салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого, бодлогыг хэрэгжүүлэхэд
анхан шатны үйлдвэрлэлд тулгарч буй асуудлыг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх
боломжтой шийдлийн талаар хэлэлцлээ.
Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг бэхжүүлэх, малын үүлдрийг
сайжруулж, гарц, ашиг шимийг нэмэх, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг
хангах, мал аж ахуй эрхлэгч иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд ач холбогдолтой төсөл хэмээн талууд сэтгэгдлээ
хуваалцав.
“Глобал
Сивик Шэйринг” олон улсын
байгууллага нь Монголд 2002 оноос орон нутгийн хөгжлийн үйл
ажиллагаа явуулж байгаа бөгөөд “Малын
банк” малжуулах төсөл (2003-2010), “Өвс тэжээлийн фонд” малчдыг дэмжих төсөл
(2005-2012), “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл (2010-2016),
“Мал аж ахуйн хоршооны үйл ажиллагаагаар өрхийн орлого нэмэгдүүлэх” төсөл
(2017-2019) төслийг хэрэгжүүлжээ.