Тайланд гадаадын жуулчдад тусгаарлагдах шаардлагыг дахин тавина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-22 09:41:12

БАНГКОК. /Reuters/. Тайландын Засгийн газар коронавирусний “омикрон” хувилбарын тархалттай холбогдуулан хилийн чанадаас ирж буй гадаадын жуулчдад тусгаарлагдах шаардлагыг дахин тавихаар болсноо мэдэгдлээ.


Өнгөрсөн 11 дүгээр сараас Засгийн газар цар тахлын үр дагаварт нэрвэгдсэн эдийн засгаа сэргээхийн тулд 63 улс орон, бүс нутгийн аялагчдыг тусгаарлахгүйгээр нэвтрүүлж эхэлсэн бөгөөд тэдэнд вакцинд бүрэн хамрагдсан байх шаардлага тавьж байсан юм.


Харин Тайландад ирсэн аялагчдын дунд “омикрон” хувилбарын 60 гаруй тохиолдол илэрч, уг хувилбараар дотоодод халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэний дараа Засгийн газар лхагва гаргаас эхлэн жуулчдыг тусгаарлахгүйгээр нэвтрүүлэхээ зогсооно гэдгээ мэдэгдсэн байна.


Тус улс нь 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гадаадын жуулчдад хилээ нээснээс хойш 290 мянга гаруй аялагч хүлээн авсны 130 мянга нь 11 дүгээр сард аялжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Пхукет арлын амралтын газруудын захиалга дүүрсэн байна.


Тайланд коронавирусний дотоодод халдварласан тохиолдлын тоо нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас гадаадын ихэнх жуулчдыг хилээрээ нэвтрүүлхийг хориглосон юм. Ингэснээр 2019 онд 40 сая орчим жуулчин хүлээн авсан тус улсад 2020 онд 6.7 сая жуулчин аялсны дийлэнх нь эхний улиралд очжээ. 

Холбоотой мэдээ