Усан цахилгаан станцын төслүүдэд хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-22 10:02:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсон Зафер Атешийг хүлээн авч уулзав.


Сайд Н.Тавинбэх уулзалтын эхэнд Зафер Атешт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, БНТУ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувьд асар их туршлагатай, ялангуяа усан цахилгаан станцын чиглэлээр дэлхийд дээгүүрт ордгийг тодотгов. Энэ чиглэлд туршлага судлах, төвийн бүсийн нэгдсэн системд горим тохируулгын үүрэгтэй оролцох бага, дунд усан цахилгаан станцын төслүүдэд хамтран ажиллах боломжтойг онцоллоо.


Элчин сайд Зафер Атеш энэ үеэр хэлэхдээ, “БНТУ нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний тавиас илүү хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангадаг. Энэ салбарт Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэжээ.


Хоёр тал цаашид хөдөө аж ахуй, барилга, байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрчим хүч, уул уурхай, тээврийн салбарт хамтран ажиллах боломж их байгааг дурдлаа.

Эдийн, засаг худалдааны Монгол-Туркийн Засгийн газар хоорондын комисс 1994 онд байгуулагджээ. 

Холбоотой мэдээ