МОНГОЛ УЛС-2021 ОНД

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2021-12-23 13:10:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 2021 онд Монгол Улсад болсон онцлох үйл явдлыг нэрлэж байна.


1. Монгол Улсын Төрийн тэргүүнээр 6 жил ажиллах анхны Ерөнхийлөгч


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны зургаадугаар сарын 9-нд болж, У.Хүрэлсүх нийт сонгогчдын 67.8 хувийн саналаар ялалт байгууллаа.

Энэ нь 1999 оноос хойш зохион байгуулсан Ерөнхийлөгчийн бүх сонгуулиас хамгийн өндөр хувийн санал авсан үзүүлэлт байв. Ингэснээр тэрбээр 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Төрийн тэргүүнээр 6 жил ажиллах анхны Ерөнхийлөгч болсон юм. Мөн Үндсэн хуулиар дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй билээ.

Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар УИХ-д суудалтай нам, эвсэл нэг хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ хүрээнд У.Хүрэлсүхтэй өрсөлдсөн “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал авсан. Д.Энхбатын хувьд сонгуулийн сургалчилгааны үеэр коронавирусний халдвар авч, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Ингэснээр Монгол Улсын түүхэнд анх удаа нэр дэвшигч эмнэлэгт, тусгаарлалтын орчноос сонгуульд өрсөлдсөн тохиолдол болов. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авсан бол саналын хуудсанд огт тэмдэглэгээ хийгээгүй буюу “цагаан сонголт”-ыг 71 480  хүн хийсэн юм.


2. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар эхэллээ


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн энэ оны аравдугаар сарын 4-нд албан ёсоор эхэллээ. Ерөнхийлөгч байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо зарласан юм. Үүний дагуу эхлүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг иргэн, аж ахуйн нэгжүүд дэмжиж, улсын хэмжээнд мод тарих ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, уг хөдөлгөөнд уул уурхайн 21 аж ахуйн нэгж нэгдэж, 2030 он гэхэд нийт 608.5 сая, Улаанбаатар хот болон 21 аймаг 680 сая мод тарих батламжид гарын үсэг зураад байгаа билээ.

“Тэрбум мод” хөдөлгөөний бэлтгэл үе шат 2021-2024 онд, эрчимжүүлэх үе шат 2024-2026 онд, тогтвортой үргэлжлэх үе шат 2027-2030 онд үргэлжлэх юм.


3. “Оюу толгой” төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэх 5 санал ирүүлэв


“Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас “Оюу толгой” төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэх 5 санал бүхий албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд энэ сарын 13-нд ирүүлжээ.

Уг албан бичигт “Оюу толгой” төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх, “Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахаар тусгасан байна. Түүнчлэн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах саналыг тусгаад буй юм. Мөн хоёр талаас үүсгээд буй арбитрын маргааныг зургаан сараар хойшлуулж, эвийн журмаар шийдвэрлэх санал тавьсан байна.

Засгийн газрын энэ сарын 22-ны хуралдаанаар “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас “Оюу толгой” төслийн талаар Монгол Улсад тавьж буй саналыг тусгасан тогтоолын төсөл боловсруулж, нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн бариад байна.


4. Газар тариалангийн салбарт сүүлийн 30 жилд аваагүй арвин ургац хураав


Монгол Улс энэ жил нийт 571.1 мянган тонн үр тариа хурааж авсан нь сүүлийн 30 жилийнхээс хамгийн их үзүүлэлт боллоо.

Үүнд хаврын тариалалтад нийт үрийнхээ 30 хувийг элит сортоор шинэчилснээс гадна цаг агаарын таатай нөхцөл ч нөлөөлсөн хэмээн үзэж буйгаа ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлж байв.

Манай улсын улаанбуудайн жилийн хэрэгцээ 310 орчим мянган тонн байдаг. Энэ намар 542.7 мянган тонн буюу хэрэгцээнээсээ илүүг хураан авчээ. Техникийн ургамлын тосны тариалалтыг нэмж 38.3 мянган тонныг мөн 118 мянган тонн хүнсний ногоо хураан авсан байна. Өнгөрсөн жил дотоодын хүнсний ногооны хэрэглээний 47 орчим хувийг хангаж байсан бол энэ жил 60 хувьд хүргэх боломж бүрдээд байна.

Ташрамд дурдахад, GIMEX компани Баянхонгор аймгийн Баянлиг сумын 2 га газарт тариалалт хийн, 10 тонн цагаан будаа хурааж авсан тухай юм. Энэ нь тус компанийн 10 жилийн уйгагүй оролдлогын үр дүн аж.


5. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлыг нээв


Монгол, Япон улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслийн нэг “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлыг энэ оны 7 дугаар сарын 4-нд нээлээ. Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн OM501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэлээ.

Нисэх буудлын бүтээн байгуулалтын үр дүнд жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний барилга, 24 агаарын хөлөг зогсох перрон талбай, 43 метр өндөр нислэгийн хөдөлгөөний барилга, 8 мянган тонн багтаамж бүхий шатахууны агуулах, жилд 11.900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал, олон улсын C9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга ашиглалтад орлоо. 

Мөн бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд болон хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй барилга, байгууламжаас бүрдсэн, олон улсын стандартад бүрэн нийцсэн шинэ нисэх буудлыг барьж ашиглалтад орсон юм.

Уг нисэх буудлыг түшиглэн дагуул хот байгуулах бөгөөд УИХ-аас баталсан тогтоолын дагуу “Шинэ Зуун мод” хот хэмээн нэрлэнэ.


6. Монгол Улсад Ардын хувьсгал ялсны 100 жилийн ой тохиов


Монгол Улсад Ардын хувьсгал ялсны 100 жилийн ой энэ онд тохиов. Гэхдээ “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх үүднээс Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг ирэх жил хүртэл хойшлуулав. Ингэснээр Үндэсний их баяр наадмыг анх удаа хойшлуулсан юм.

Мөн 1921 онд Ардын засгийн шийдвэрээр байгуулсан хэд хэдэн байгууллагын 100 жилийн ой тохиолоо. Тухайлбал, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Судар бичгийн хүрээлэн, орчин цагийн боловсролын салбар, цагдаагийн байгууллага, зэвсэгт хүчин, залуучуудын байгууллага, харилцаа, холбооны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиов.

Түүнчлэн энэ онд Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож, хоёр орон хамтран тэмдэглэв. Тодруулбал, 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо Ардын Засгийн газар ба ЗСБНОУ-ын Засгийн газар хооронд Найрамдлын хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхтэй. Уг ойг тохиолдуулан хоёр орон хамтран 92 ажил хэрэгжүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 15-17-нд ОХУ-д албан ёсоор айлчилснаар 100 жилийн ойг тэмдэглэх ажил дууссан юм. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцааны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа.


7. Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 36 жилийн дараа татан гаргав


Хөвсгөл нуурт 1985 онд  живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, өнгөрсөн сарын 7-нд нуурын эрэгт байрлууллаа. Энэ нь 2024 он гэхэд нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг татаж гаргах ажлын эхлэл юм.

Уг хөлөг онгоц 43.3 м урт, 8.4 м өргөн, 5.7м өндөр, 309 тн жинтэй бөгөөд нуурын эргээс 110-120 метрт, 12-16 метрийн гүнд живсэн бөгөөд хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3.2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1.4-1.9 метр шигдсэн байв.

Хөлөг онгоцоос 400 литр техникийн тос алдагдах аюултай байсан бөгөөд 100 литр шатахуун алдахад 1.1 км3 ус бохирдоно гэсэн тооцоолол гаргасан байв. нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгслээр аюулгүй татан гаргажээ.

Ташрамд дурдахад, 1954 онд ЗХУ-ын “Красный Сормов” үйлдвэрт үйлдвэрлэсэн энэ хөлөг онгоцоор баруун аймгуудын хэрэгцээт шатахуун, бусад бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг байжээ.


8. “Токио-2020” зуны олимп, паралимпын наадмаас Монгол Улсын баг тамирчид 5 медаль хүртэв


Япон улсын нийслэл хотноо энэ оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болсон “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдөж 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ. Ингэснээр 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, харин медалийн тоогоороо 47 дугаар байрт шалгарсан.

Тодруулбал, Токиогийн олимпын мөнгөн медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан Иран гаралтай Саид Моллай хүртсэн бол олимпын хүрэл медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа нар тус тус хүртэв.  Мөн анх удаа багийн спортын төрлөөр олимпын наадам Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид оролцлоо. Олимп болон Паралимпын наадам дэлхийн улс орнуудад тархсан “КОВИД-19” цар тахлын улмаас бүтэн нэг жилээр хойшилж, анх удаа 5 жилийн завсарлагатай болсон гэдгээрээ онцлог юм.

Токиогийн олимпын наадмаас 16 хоногийн дараа эхэлсэн “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд Монгол Улсын баг тамирчид пара спортын 6 төрөлд эмэгтэй 4, эрэгтэй 7, нийт 11 тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн. Тус наадмаас пауэрлифтингийн төрөлд 107 кг-ын жинд Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын Монгол Улсын 2 дахь аварга болсон билээ. Ингэснээр 168 орноос амжилтаараа 59 дүгээр байрт шалгарлаа.


9. Монголд ОУОХ-ны стандартыг хангасан анхны "Мөсөн Өргөө" байгуулав


Монгол Улсын өвлийн спорт төдийгүй спорт, соёлын салбарын хөгжлийн түүхэнд нэн шинэ бүтээн байгуулалт болох “Мөсөн Өргөө”-г нээх ёслол энэ оны есдүгээр сарын 29-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ Яармаг хороололд болов. Монгол Улсын анхны мөсөн дэвжээ бүхий “Мөсөн Өргөө” ордны битүү барилга байгууламж нь Олон улсын олимпын хорооны стандартыг хангасан гэдгээрээ онцлогтой. Монголд анх удаа огторгуйн хийцлэл, агааржуулалт, залгаасгүй дээвэр зэрэг шинэ шийдэлтэй ордон юм байна. Уг ордон 2600-3600 хүний суудалтай бөгөөд хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортоос гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, бокс зэрэг заал танхимын тэмцээн, мөн урлагийн тоглолт, хурал цуглаан ч зохион байгуулах боломжтой.


10. Коронавирусний вакцины бүрэн тунд хүн амынхаа 66.4 хувийг хамруулав


Дэлхий дахиныг хамарсан цар тахлыг даван гарах цор ганц арга болох “КОВИД-19”-ийн  вакцинжуулалтаар Монгол Улс тэргүүлэх байрт бичигдэж байна. Монгол Улсад энэ сарын 23-ны байдлаар коронавирусний вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 69.6 хувь, хоёрдугаар буюу бүрэн тунд 66.4 хувиа хамруулаад байна. Харин гуравдугаар буюу дархлаа сэргээх тунд 876 мянга 936 хүн хамрагджээ.

“КОВИД-19” цар тахалтай тэмцэхийн тулд улс орнууд дархлаажуулалтыг эрчимтэй хийж буй. Монгол Улс дархлаажуулалтыг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхлүүлж, хамгийн эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж байв. Манай улс олон улсын вакцин хангамжийн “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд оруулж ирсэн Файзер, Астразенека, Синофарм үйлдвэрийн синовак вакцинаар иргэдээ дархлаажуулж байна.


11. Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөрт хамрагдаж, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцах эхний 480 сурагчийн нэр энэ сарын 6-нд тодорлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжих үүднээс дээрх хөтөлбөрийг зарласан юм.

Тэтгэлэгт хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжинэ.  Нэгдүгээрт, төрийн өмчийн их, дээд сургуулийн БШУЯ-ны баталсан бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Хоёрдугаарт, бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид ЭЕШ-ын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилна. Бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээр бэлтгэхээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургах юм. Бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн болзол хангасан байдлаас хамааран аль улсад ямар мэргэжлээр суралцахыг шийдвэрлэх аж.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны наймдугаар сард олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад медальт байрт шалгарсан сурагчдад нэг удаагийн урамшуулал олгодог болох зарлиг гаргаад байгаа билээ. Зарлигт улсын олимпиадуудын шатлал, цар хүрээг нэмж олон улсын ангилалтай уялдуулан зохион байгуулах, хүүхэд бүр оролцох тэгш боломжийг бүрдүүлэх, сурагчдыг бэлтгэж оролцуулах багш нарыг дэмжих, шаардлагатай багаж төхөөрөмжөөр хангахаар тусгасан юм.

Холбоотой мэдээ