Б.Гейтс зул сарын баяраар төлөвлөсөн ажлуудаа цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-23 11:31:35

ВАШИНГТОН. /The Hill/. Америкийн “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс коронавирусний “омикрон” хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан зул сарын баярын үеэр төлөвлөсөн ажлуудынхаа ихэнхийг цуцалсан гэдгээ мэдэгджээ.


“Саяхан л амьдрал хэвийн хэмнэлдээ эргэн орсон мэт санагдаж байсан ч цар тахлын хамгийн хүнд үе эхэлж байж болзошгүй байна. “Омикрон” өргөн хүрээг хамран тархах магадлалтай байгаа бөгөөд дотны найзууд маань шинэ хувилбараар халдварласан. Миний хувьд зул сарын баяраар төлөвлөсөн ажлуудынхаа дийлэнхийг нь цуцлаад байна” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.


Б.Гейтс мөн “COVID-19”-ийн вакцинжуулалт хүндээр өвчлөхөөс хамгаалсан хэвээр байгааг цохон тэмдэглээд, “Хүмүүсийг хүнд хэлбэрээр өвчлөх, нас барахаас урьдчилан сэргийлэхийн тулд вакцинуудыг бүтээсэн, энэхүү үүргээ ч сайн гүйцэтгэж байна” хэмээн бичжээ.


Мягмар гарагт Цагаан ордны эрүүл мэндийн ахлах зөвлөх Энтони Фаучи “омикрон” хувилбар “урьд хожид үзэгдээгүй” хурдтай тархаж байгаа тул нэгээс хоёр долоо хоногийн өмнө шинэ тохиолдлуудын дөнгөж 8-10 хувийг эзэлж байсан шинэ хувилбар одоо 73 хувийг нь эзлэх болсонд гайхах зүйлгүй гэж мэдэгдсэн байна.


COVID-19” цар тахал дахин нэг зул сарын баярыг бусниулж байгаа нь сэтгэл гонсойлгож байгааг мэдэж байгаа ч ийм байдал үүрд үргэлжлэхгүй. Цар тахал хэзээ нэгэн цагт зогсож, бид бүхэн хайртай дотны хүмүүстэйгээ баяртайгаар уулзах болно. Ийм цаг удахгүй ирнэ гэдэгт найдаж байна” гэж Б.Гейтс хэлжээ. 

Холбоотой мэдээ