Албан тушаалаа урвуулан ашигласан 15 гэмт хэрэг энэ онд бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-23 14:44:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст энэ оны эхний 11 сард 308 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 17 (5.8%)-гоор нэмэгджээ.


Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 15 (7.3%)-аар, хахууль авах гэмт хэрэг 7 (11.7%)-гоор, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 3 (2.0 дахин)-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Бүртгэгдсэн 308 авлигын хавтаст хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад 220 (64.1%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 67 (19.5%) нь хахууль авах гэмт хэрэг, 39 (11.4%) нь хахууль өгөх гэмт хэрэг, 8 (2.3%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг, 6 (1.8%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг, 3 (0.9%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.



Холбоотой мэдээ