Оюутолгойн хэлэлцээрийн асуудлыг УИХ хаалттай хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж байна.
Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгээс уг төслөөр завсарлага авсан бөгөөд өнөөдөр завсарлагын хугацаа дууссан. Иймд эл асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан юм. Тэрбээр, "Засгийн газар Оюутолгой ордын хөрөнгө оруулагч талтай өнгөрсөн жил гаруй хугацаанд яриа хэлэлцээг амжилттай явуулж, тодорхой үр дүн гарч байна. Гэхдээ яриа хэлэлцээ үргэлжилж байгааг санах хэрэгтэй. Тиймээс Түр хороо өчигдөр тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн. Цаашид тодорхой хугацаанд яриа хэлэлцээ үргэлжилж, бид хүссэн үр дүнгээ баталгаажуулах явц идэвхтэй өрнөх тул энэ асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналтай байна" гэв.
УИХ-ын тухай тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан "Хэлэлцэх асуудлын шинж байдал, гишүүдийн саналыг харгалзан асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно" гэж заасныг УИХ-ын гишүүн Г.Занданшатар тэмдэглээд, энэ дагуу санал хураав. Хуралдаанд оролцсон 59 гишүүний 48 нь буюу 81.4 хувь нь дээрх горимын саналыг дэмжсэнээр чуулганы хуралдаан хаалттай горимд шилжив.
Төсөлд Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэхээр тусгажээ. Мөн “Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахаар тусгасан байна. Түүнчлэн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах саналыг тусгажээ. Мөн татварын актын биелэлтийг хангуулахаар тусгасан юм.