С.Одонтуяа: Цар тахлын хуулийн заалт УИХ-ын онцгой эрхэд халдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-24 15:57:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 


Хуулийн төсөлд цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:


  • Хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах;
  • Тус хуулийн 7.1.2-т заасан цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай санхүүжилтийн зохицуулалт хийх Засгийн газрын бүрэн эрхийг тус хуульд 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар УИХ шийдвэрлэхээр зохицуулсан 7.2 дахь заалтыг хасахаар тусгажээ.

Хуулийн төсөл болон үзэл баримтлалын төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, бусад хуультай уялдуулан боловсруулсан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай хуульд Засгийн газар, бүх шатны Онцгой комиссын бүрэн эрхийн хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг батлах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгах хуулийн төслийг хамт боловсруулсан байна. 


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцууллаа. 


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, хуулийг сунгаснаар, УИХ- ын төсөв батлах, хяналт тогтоох онцгой эрхэд халдаж байна гэж шүүмжлэв. УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, "Дельта хувбиларын оргил үед 23 мянган хүн эмнэлэгт хэвтэж байсныг тодотгоод, одоо дэлхий дахинд түүнээс хэд дахин халдварлах хурдтай омикрон хувилбар тархах эрсдэл үүсээд буйг тэмдэглэв. Тиймээс эрүүл мэндийн салбарын хүн хүч, чадавхыг бэхжүүлэхийн тулд зайлшгүй хуулийг сунгах шаардлагатайг онцолж байв. Хэрвээ Засгийн газар цаг алдалгүй вакцин оруулж ирээгүй бол одоогийн 1800 хүн нас барсан тохиолдол 45 мянгад хүрэх эрсдэлт тооцоо гарсныг дурдав. 


УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ковидын үед хурдтай ажиллах шаардлага үүсээд буй бөгөөд дээрх хуулийн 7.1.2 гэсэн заалтыг зөвхөн нэг л удаа ашигласныг тодотгов. Тодруулбал, хууль 2020 оны дөрөвдүгээр сард батлагдсан бол тухайн оны тавдугаар сард хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж 100 мянган төгрөг болгоход 570 тэрбум төгрөгийг сайд нарын багцаас цуглуулж ХНХ-ын сайдын багцад тусгасан гэж тайлбарлав. Түүнээс хэдхэн сарын дараа шинэ парламент бүрэлдэж төсвийн тодотгол хийж УИХ хяналт тавьж баталгаажуулсан гэлээ. Тиймээс  ямар нэгэн өндөр эрсдэл гарахгүй тохиолдолд энэ хуулийн заалтыг аль болох хэрэглэхгүй, сахилга баттай явахыг эрмэлзэж байгаагаа учирлав. 


Гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад, хуралдаанд оролцсон 41 гишүүний 30 нь буюу 73.2 хувь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Ингээд өнөөдрийн хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. 

Холбоотой мэдээ