Каддафигүй Ливи орон 10 жилийн дараа – Дайн уу, эсвэл ардчилал уу?
ТОЙМ
Одоогоос яг 10 жилийн өмнө “Арабын хавар” хэмээх хувьсгалын давалгаанд хумигдан орсон ливичүүд улс орныг нь 40 гаруй жил удирдсан Муаммар Каддафийг түлхэн унагаж, амийг нь хөнөөсөн билээ. НАТО-гийн жадны үзүүрээр хийсэн хувьсгал өдгөө гадаадын хөлсний цэргүүдийн оролцоотой иргэний дайн болж хувирлаа. Энэ үед ливичүүд түүхэндээ анх удаа ерөнхийлөгчийн сонгууль явуулж, бие даан оршин тогтнож чадах уу гэсэн сорилтонд орохоор болов. Гэвч Ливи орон шалгалтанд унаж, сонгууль хугацаандаа болсонгүй.
Ливичүүдийн бүхэл бүтэн үе иргэний дайны нөхцөлд өсөн торниж байна
“Өвлийн
өвгөн байдаг гэдэгт ливичүүд итгэж магадгүй, харин 24-нд сонгууль болно
гэх итгэл тун бага” гэж Каддафийн тухай номын зохиогч, Францын иргэн Венсан Ужё
бүтэн сарын өмнө анхааруулж байв.
Энэ
удаагийн сонгууль нь улс орны түүхийн хар толбыг арилгаж, эдийн засгийг сэргээж,
тогтвортой байдлыг эргүүлэн авчрах итгэл найдварыг өгөх учиртай байлаа.
НҮБ-аас товлосны дагуу 12 дугаар сарын 24-нд болох ёстой байсан сонгууль
хойшлогдох нь тодорхой боллоо.
“Дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс Ливийг тогтвортой
улс хэмээн хандаж дүр эсгэдэг, гэтэл энэ бол үнэн хэрэгтээ төөрөгдөл” гэж Жонс
Хопкинсийн их сургуулийн судлаач Хафед аль-Гуэлл ярьж байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ливи улс дотоодын цус асгаруулсан мөргөлдөөнөөс ангижирч чадсангүй. Хүн амынх нь дийлэнх Газар Дундын тэнгисийн эргийн дагуу оршин суудаг энэ улс хоёр хэсэгт хуваагджээ. Бенгази болон Египеттэй хил залгадаг зүүн бүс нутгууд генерал Халифа Хафтарын мэдэлд байгаа бол нийслэл Триполи хот, Алжир, Тунистэй хиллэдэг баруун бүс нутгийг янз бүрийн хүчнүүд хянаж байгаагийн дотор НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн Үндэсний эв нэгдлийн засгийн газар бий. Эдгээр бүх хүчин хилийн чанадаас ил далдаар дэмжлэг тусламж авсаар байна. НҮБ-ын тооцоолсноор, одоо Ливид янз бүрийн бүлэглэлүүдийн талд байлдаж буй Турк, Орос, Сириэс ирсэн 20 мянга гаруй хөлсний цэргүүд байгаа ажээ.
Харин
Ливи дэх өөрийн оролцоог хүлээн зөвшөөрдөг ганц улс бол Турк бөгөөд энэхүү оролцоогоо "НҮБ-ын
хүлээн зөвшөөрсөн өмнөх засгийн газрын тэргүүн Файез Сарраж-тай хийсэн цэргийн
хамтын ажиллагааны гэрээний дагуу тус улсын нутагт Туркийн цэргүүд байрлаж
байгаа" гэж тайлбарладаг.
Орос
улсын хувьд, төвийг сахих байр суурь баримталдаг ба зүүн нутаг дахь Хафтар, баруун
нутаг дахь зэвсэгт бүлэглэлүүдийн аль алинтай нь холбоотой байдаг. Ливийн
тусгай албаны зарим ажилтны ярьснаар бол, М.Каддафийн хүү Сейф аль-Ислам
Каддафи бол аль ч талд нь ордоггүй “Оросын нэр дэвшигч” ажээ.
“Ливид
сонгууль явуулна гэдэг бол нэлээд амбицтай төсөл. Гүнзгий хуваагдан хагарсан
улс орныг хэрхэн нэгтгэх вэ гэдэг нь анхнаасаа л ойлгомжгүй байсан” гэж Германы
Олон улсын харилцаа, аюулгүй байдлын хүрээлэнгийн судлаач Вольфрам Лахер ярьж
байна.
Дэлхийн
хамтын нийгэмлэгийн итгэл найдвар талаар болж, энэ удаагийн сонгууль
хүчирхийллийн шинэ давалгааг үүсгэх аюулыг агуулж байна. Үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх баталгаа Ливийн нутгийн хаана ч байхгүй үед нэр дэвшигчид ялагдлаа
хүлээн зөвшөөрч, ялалт байгуулсан өрсөлдөгчиддөө баяр хүргэх нь юу л бол.
Нэр
дэвшигчдийн уртаас урт жагсаалтанд бичигдсэн 98 хүний дотроос наад зах нь 3 хүн
туслах дүрд тоглохыг лавтайяа хүсэхгүй. Тэд бол генерал Халиф Хафтар, талийгаач
Каддафийн хүү Сейф аль-Ислам, ерөнхий сайд асан Абдель-Хамид Дбейба нар юм. Гэтэл
Хафтар, Каддафи хоёр цэргийн гэмт хэрэгт, Дбейбу эрх мэдлээ урвуулан ашигласан,
сонгогчдыг хахуульдсан хэрэгт холбогдоод байгаа ажээ.
Ливичүүдийн дийлэнх нь сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх магадлал бараг 0-тэй тэнцэх ба нэр дэвшигчид ч гэсэн ялагдлаа хүлээн зөвшөөрөх нь юу л бол. “Ливид төр гэж алга, ажиллаж буй төрийн бүтцүүд ч алга, зөвхөн сөргөлдөн тэмцэлдэж буй зэвсэгт бүлэглэлүүд л бий” гэж Жонс Хопкинсийн их сургуулийн дэргэдэх гадаад бодлогын хүрээлэнгийн судлаач Хафед аль-Гуэлл тус улсад үүссэн нөхцөл байдлыг тодорхойлжээ. “Нэг талаас улс доторх улсыг хянаж буй генерал Халифа Хафтар өөрийн ялалтаас өөр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, нөгөө талаас Хафтарын ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн янз бүрийн бүлэглэлүүд бий”.
Ерөнхийлөгчийн
сонгуулийн өрсөлдөөнөөс бие биенийгээ татаж гаргахын тулд нэр дэвшигчид шүүхэд
хандах болов. Сонгууль болоход гуравхан хоногийн хугацаа үлдчихээд байхад нэр
дэвшигчдийн жагсаалт бэлэн болоогүй л байлаа. Өрсөлдөгчдийн хэн нь ч сонгуулийн сурталчилгаагаа
идэвхтэй явуулсангүй. Мягмар
гарагт Ливийн Сонгуулийн дээд комиссийн шийдвэрээр орон нутгийн сонгуулийн хороодыг
татан буулгасан бол маргааш өдөр нь Ливийн парламент сонгуулийг цуцалж, нэг
сарын дараа буюу ирэх оны 1 дүгээр сарын 24-нд явуулах саналыг дэвшүүлэв.
Юутай
ч сонгууль болох нь, гэхдээ энэ сонгууль улс орныг нэгтгэхийн оронд эвдрэлцэл,
хүчирхийллийг авчирч болзошгүй гэж шинжээчид анхааруулсаар. “Ардчилсан орнуудын
хувьд энгийн дүрэм буюу сонгуульд нэг нь ялж, бусад нь ялагдлаа хүлээн
зөвшөөрдөг зарчим Ливид огт тохирохгүй” гэж Ливийн асуудлаар дагнасан Германы
шинжээч В.Лахер дүгнэжээ.
Салангид олон зэвсэгт бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг, Үндсэн хууль ч үгүй, бүгдийн санаанд нийцэх Сонгуулийн хуулиа ч батлаагүй энэ улсад сонгуулийг хойшлуулах нь эрсдэлтэй. “Сөргөлдөөн дэгдэх нь тодорхой, улмаар бүрэн хэмжээний дайнд хүргэж ч болзошгүй” гэж АНУ-ын Atlantic Council төвийн шинжээч Эмадеддин Бади дүгнэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт зэвсэгт бүлэглэлүүд засгийн газрын албан байгууллагуудын байрыг эзлэн авахаар оролдсон нь бүх хүн сонгуульд бэлэн бус байгааг дахин харууллаа.
Нефть, хийгээр баян Африкийн энэ улсад болж буй үйл явдлыг бүс нутгийн хөрш орнууд төдийгүй бусад тивийнхэн ч анхааралтай ажиглаж байна. Ливийн баруун нутагт төвлөрсөн хүчнүүд Турк, Катарын цэрэг, дипломатын дэмжлэгт тулгуурлаж байгаа бол АНЭУ, Египет, Саудын Араб, Иордан, Франц болон “Вагнерын бүлэг” гэдэг нэртэй хувийн цэргийн компанийн хөлсний орос цэргүүд генерал Хафтарт ил далдаар тусалдаг. Иймээс Ливийн хямралыг Сирийнхтэй адилтгаж байгаа бөгөөд энэ удаад Африкийн газар нутаг дээр гадаадын улс орнуудын хооронд сөргөлдөөн давтагдах вий хэмээн болгоомжилж байна.
НҮБ-ын
тайланд дурдахдаа “Хафтарын талд Вагнерын бүлгийн хөлсний орос цэргүүд байлдаж
байна” гэсэн бол Оросын ерөнхийлөгч В.Путин үүнд хариулахдаа “хэрвээ тэнд
Оросын иргэд байгаа бол тэд Орос улсын эрх ашгийг төлөөлөхгүй бөгөөд Оросын
төрөөс мөнгө авдаггүй” гэжээ.
Өнгөрсөн
оны зун Берлинд болсон хэлэлцээний үеэр “гадаадын цэргийн бүх хүч, хөлсний
цэргүүдийг Ливиэс гаргах нь зүйтэй” гэж хандивлагч орнууд мэдэгдэж байлаа.
Хямралаас гарах эхний алхам нь тус улсад анх удаа болох Ерөнхийлөгчийн сонгууль
мөн боловч энэ удаад хойшлогдлоо.
Б.Адъяахүү
Эх
сурвалж: ВВС
Нүүр
зургийн тайлбар: М.Каддафийн төрөлх хот болох Сирт өнөөг хүртэл нурангин дунд
байна