"Үндэсний бичигтэн" шилдгүүдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-25 22:28:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлөөс “Үндэсний бичиг үсэг” ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, жилийн турш монгол бичиг зааж сургах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаа дүгнэлээ.

Ёслолын үйл ажиллагааны үеэр Үндэсний бичгээ зааж сургах, түгээн дэлгэрүүлэх үйлсийн төлөө ажилласан багш нар, амжилттай суралцсан төрийн албан хаагчдыг шагнаж урамшуулсан бөгөөд Сайнцагаан сумын 5 сургууль, цэцэрлэгүүд энэ үеэр “Монгол бичиг” үзэсгэлэн гаргасан юм.

2021 онд тус аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл нутгийнхаа уугуул ахмад багш, Монгол Улсын Ардын багш Д.Төмөртэй хамтран төрийн албан хаагчдад хоёр шатны цахим сургалт явуулж, үр дүнтэй ажиллажээ. 2020 онд батлан хэрэгжүүлж буй “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” нь 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангах зорилготой.

Тиймээс төрийн албан хаагчид төдийгүй иргэдийн хувьд Үндэсний бичгээ судлах, суралцах зайлшгүй шаардлага бий. Тус хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн хэлний бодлогын зөвлөлөөс нийтээрээ хос бичигтэн болох бэлтгэл ажлыг хангах, төрийн албан хаагчдын үндэсний бичигт суралцах, мэдлэг, чадварыг ахиулах, бичиг, соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг зохион байгуулжээ.

Ардын багш Д.Төмөртэй хамтран анхан болон дунд шатны цахим хичээл явуулж, ЕБС-ийн монгол хэлний багш нар давхар танхимын сургалтаар мэдлэг, чадварыг нь бататган, аймгийн БСУГ-тай хамтран тогтмол суралцагсдынхаа чадварыг нь үнэлэх зэргээр нэг баг болон ажилласан нь 2021 онд Хэлний бодлогын салбар зөвлөлөөс хэрэгжүүлсэн олон ажлын гол үр дүн байлаа.

Тиймээс бүтэн жилийн турш зохион байгуулсан ажлынхаа үр дүнг үнэлж, “Үндэсний бичигтэн” шилдэг сум, байгууллага, сургагч багш, төрийн албан хаагч нарыг шалгаруулж, өргөмжлөн, мөнгөн шагналаар шагнасан байна.

“Үндэсний бичигтэн шилдэг сум”-аар Сайнцагаан сум, “Үндэсний бичигтэн шилдэг байгууллага”-аар МХГ-ын хамт олон, “Үндэсний бичигтэн шилдэг сургагч багш”-аар Монгол Улсын ардын багш Д.Төмөр шалгарлаа. Мөн “Үндэсний бичигтэн шилдэг сургагч багш”-аар Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш Э.Баттогтох, Хүмүүнлэг сургуулийн багш Д.Отгонсүрэн, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн багш Э.Тогоохүү, “Үндэсний бичигтэн шилдэг төрийн албан хаагч”-аар Л.Оюун, Ө.Цэринмаа нар шалгарчээ.

Ёслолын ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга, Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ 2021 онд зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүнг онцлон, цаашид амжилтаа ахиулан “Үндэсний бичигтэн аймаг болох” зорилгоо биелүүлэх, эх хэл бичгээ эрхэмлэн түгээн дэлгэрүүлэх их үйлсэд шинэ санал, санаачилга гарган хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Энэ үеэр Ардын багш Д.Төмөр цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд мэндчилгээндээ “найман сарын турш төрийн албан хаагч 2491 хүнд Үндэсний бичгийн хичээлийг цахимаар зааж, тэднийг анхан ба дунд шатны боловсрол эзэмшихэд нь тусалж, нутгийнхандаа оюуны хөрөнгө орууллаа.

Цаашид аль ч насны хүн, улсын ба хувийн хэвшилд ажиллаж байгаа хэн ч гэсэн ашиглаж болохуйц 45 удаагийн цахим хичээл, тэдгээрт тохирсон сурах бичиг, үзүүлэнгийн сан хөмрөгтэй болгож өгсөндөө гэр бүлийнхээ хамт сэтгэл хангалуун байна гээд, шагнагдсан сум, байгууллага, хувь хүмүүс, шилдэг заах аргач багш нарт баяр хүргэж, цаг наргүй их ажлынхаа хажуугаар, цар тахлын амаргүй үед хичээнгүйлэн суралцсан шавь нартаа талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ардын багш Д.Төмөртэй хамтран Дундговь аймгийн хэмжээнд анхан шатны 24, дунд шатны 12 цахим хичээлд 145 байгууллагын 2491 төрийн албан хаагчийг хамруулжээ. Түүнчлэн төрийн албан хаагчдад зориулсан 48 цагийн модуль танхимын сургалтад давхардсан тоогоор 4336 албан хаагчийг хамруулснаар төрийн албан хаагчдын 70,6 хувь нь үндэсний бичгийн боловсрол эзэмшжээ.

Холбоотой мэдээ