АН: Цар тахлын хуулийн зарим заалт улсын төсвийг хяналтгүй зарцуулах эрсдэлтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, цар тахлын хуулийг сунгахтай холбоотой асуудлыг хэлэлцэж, тус хуулийн зарим заалтыг дэмжээгүй талаар Бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэв.
Тэрбээр, "Тус хуулийг баталснаас хойш хоёр жил орчмын хугацаа өнгөрсөн. Энэ хуулиар дахин хөл хорио тогтоовол аж ахуйн нэгж, иргэдэд хүнд тусна. Тиймээс өрх бүрт нэг сая төгрөг олгохын зэрэгцээ гадаад улс орнуудын туршлагаас суралцах хэрэгтэй" гэлээ. Мөн тэрээр хуулийн зарим заалт нь улсын төсвийг хяналтгүй зарцуулах эрсдэл бий болгож буйг учирлав.
Мөн хуралдаанаар, Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хууль нь хүний эрхийг зөрчиж байгаа талаар нээлттэй сонсгол явуулах асуудлыг хэлэлцсэн байна. Чуулганы хуралдааны хуваарийн дагуу тус сонсголыг зохион байгуулахыг УИХ-ын 37 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд хуваарийн дагуу энэ сарын 30-ны өдөр товложээ. Иймд УИХ дахь АН-ын бүлгээс нээлттэй сонсголыг баярын өдөр зохион байгуулах нь ач холбогдолгүй, яриад өнгөрөх асуудал болох тул хойшлуулах саналтай байгаагаа тэмдэглэв.
Хэвлэлийн хурлын үеэр иргэн Д.Монголхүү оролцож байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Нээлттэй сонсгол зохион байгуулахыг УИХ-ын 37 гишүүн дэмжиж, тус сонсголоор бодитой үр дүн гарна гэсэн найдлага байлаа. Гэтэл хэлэлцэх асуудлын дарааллаар баярын өдөр зохион байгуулахаар болсон нь биднийг унтраалаа. Нээлттэй сонсголыг үр дүнгүй болгож хувиргах нь. Тус сонсголыг хойшлуулахыг дэмжиж өгөхийг УИХ дахь АН-ын бүлэг болон цөөнхийн гишүүдэд хүсэлт хүргүүлсэн" хэмээлээ.