Б.Саранчимэг: Оюутолгойн хэлэлцээгээр гүний усны асуудалд онцгой анхаарах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-28 18:04:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 


Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол дүнг танилцуулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий Түр хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Тус Түр хороо тогтоолын төслийн талаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэжээ. 


Түр хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Сарангэрэл, О.Цогтгэрэл, Х.Болорчулуун, Н.Алтанхуяг, Д.Сарангэрэл, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын гишүүн асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Оюутолгойн ордод газрын гүний ус ашиглаж байгаа асуудлаар Түр хорооны ажлын баг дүгнэлтээ боловсруулж байгааг тэмдэглэв. Түр хорооны хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй санал гаргаж ус ашиглалттай холбоотой зүйл заалт нэмсэн тухай тодотгов. Тэрбээр, "Газрын гүний ус ашиглалттай холбоотой анхаарал татсан асуудал байна. Цаашлаад говийн байгаль, экологийн асуудал хөндөгдөнө" хэмээгээд энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх тухай асуулаа. 


Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Тогтоолын төсөлд ус ашиглалттай холбоотой асуудал тусгах зарчмын зөрүүтэй санал гаргасныг Түр хороо дэмжсэн. Иймд тус саналын хүрээнд санал хурааж шийдвэрлэсэн асуудлаар хэлэлцээ үргэлжлэх болно" хэмээн хариулав. 


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, "Энэ оны тавдугаар сард Оюутолгойн ордын байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ гараагүй гэж байсан. Энэ үнэлгээ хэзээ гарах, ямар шатанд явж байгаа талаар Түр хороо ярилцсан зүйл байгаа юу. Төслийн нэг дэх хэсгийн 5 дахь заалтад "Байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах" гэж заасан байна. Энэ заалтад усны асуудал хамаарч байгаа юу" гэж асуулаа. Мөн манай улсын усны нөөцийн 80 гаруй хувийг гадаргын, 20 хувийг гүний ус эзэлдэг баримтыг дурдаад, нөөц багатай, удаан нөхөгддөг гүний усны асуудалд онцгой анхаарах шаардлагатайг санууллаа. 


Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Хэлэлцээгээр хөрөнгө оруулагч талаас ирсэн саналд хэрхэн хариу өгөх тухай чиглэл өгөх тогтоолыг бид батлах гэж байгаа юм. Тус саналд байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах тухай туссан. Усны ашиглалтын асуудлаар Түр хорооны дэргэд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаар ахлуулсан ажлын баг байгуулсан бөгөөд санал, дүгнэлт нь бэлэн болсон. Удахгүй Түр хороонд танилцуулна. Энэ хүрээнд, зарчмын зөрүүтэй санал гаргаж байгаль орчны асуудлаар хамтран ажиллах тухай заалтад усны ашиглалтын асуудлыг нэмж илүү тодорхой болгосон" гэж хариуллаа. 


БОАЖ-ын сайд Н.Уртнасан нэмж хариулахдаа, "БОАЖЯ-наас Оюутолгой компанид Хуримтлалын нөлөөллийн үнэлгээ хийх, Байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө гаргах шаардлагыг хүргүүлсэн. 2022 онд дээрх үнэлгээ, төлөвлөгөө хийх зардлыг тусгасан тухай мэдээлэл өгсөн. Хэлэлцээрт дээрх хоёр шаардлагаас гадна ус ашигласан, бохирдуулсны төлбөрийг бүрэн төлөх, таван жил тутамд усны нөөцийг хянан баталгаажуулах заалтыг тусгахаар ажиллаж байна" хэмээв. Мөн тэрээр, ус бохирдуулсны төлбөртэй холбоотой журмыг мэргэжлийн байгууллага, судлаачдын дүгнэлтээр боловсруулсан бөгөөд Сангийн яамнаас санал авахаар хүргүүлсэн, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэдгийг тэмдэглэв. Оюутолгой компанийн тухайд, Хөрөнгө оруулалтын гэрээг баталсны дараа буюу 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталсан тул өнгөрсөн хугацааны төлбөрийг авах боломжгүйг дурдаж байв. 


УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, тогтоолын төслийн хүрээнд, Эрдэнэс таван толгой ХХК-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэхдээ хувь нийлүүлэгчийн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг лавлав. Мөн Оюутолгойн ордтой холбоотой бусад татварын актын асуудлыг хэвээр үлдээх эсэхийг асууж байлаа. 


Ажлын багийн гишүүн, Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо, "Эрдэнэс таван толгой компанийн 34 хувьд эзэмшиж байгаа хувь эзэмшилдээ тэнцүүлж хөрөнгө оруулалт хийхтэй холбогдуулан Туркуз хилл компаниас авсан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 2.3 тэрбум ам.долларын өр хуримтлагдсан байсан. Энэ өр Туркуз хилл компани дээр тэглэгдэж манайхаас өр авахгүй байхаар шийдэгдэнэ. Рио тинто, Туркуз хилл компанийн ТУЗ хэлэлцэж батлах учиртай. Өр тэглэснээр Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага үүсэхгүй. Цаашид энэ тогтоолын төсөл батлагдсанаар, яриа хэлэлцээ дуусаж байна гэсэн үг огт биш. Татварын акттай холбоотой маргааны асуудал бий. Эрдэнэс таван толгой компани өргүй болсноор гадаадын хөрөнгө оруулагчтай ижил нөхцөлөөр ногдол ашгаа авах боломж бүрдэнэ" хэмээн хариуллаа. 


Ийнхүү хэлэлцээд, төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан, Түр хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, Тогтоолын төсөлд “Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх” хэмээн заасныг “Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох “Оюутолгой” ХХК-иас “Туркойз” компанид төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуримтлагдаж буй нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх хэмээн тодотгон өөрчлөх санал, төслийн нэрийн хангуулах гэснийг нэмэгдүүлэх гэж өөрчлөх, төсөл дэх “Оюу толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэсэн заалтад ус ашиглах гэж нэмэх зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.


Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол дүнг танилцуулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий Түр хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ