Байгалийн гамшгаас үүдэлтэй хохирлын хэмжээ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-12-28 17:35:49

ЛОНДОН. /Euronews/. Энэ онд дэлхий дахинд хамгийн их гарз хохирол дагуулсан байгалийн гамшигт 10 үзэгдлийг Их Британийн төрийн бус байгууллага нэрлэжээ. Эдгээр нь нийтдээ 170 тэрбум ам.долларын хохирол учруулсан байна.


Christian Aid” байгууллагын жил тутмын тайланд дурдсанаар, байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ өмнөх оныхоос өссөн нь дэлхийн дулаарлын үр дагавар улам бүр нэмэгдэж байгааг тодотгон харуулжээ.


Асар их хохирол учруулсан 10 гамшгийн улмаас 1075 хүн амь насаа алдаж, 1.3 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 2020 оны хувьд хамгийн их аюул дагуулсан 10 гамшигт үзэгдэл ойролцоогоор 150 тэрбум ам.долларын хохирол учруулсан юм.


Энэ онд тохиосон байгалийн гамшигт үзэгдлүүдээс наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр дэгдсэн “Айда” хар салхи хамгийн их гарз хохирол учруулсан байна. Нью-Йоркт үерийн гамшиг нүүрлүүлсэн уг үзэгдэл 65 тэрбум ам.долларын хохирол дагуулжээ.


Харин долоодугаар сард Герман, Бельги болон хөрш орнуудад нь нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас 43 тэрбум ам.доллар, АНУ-ын Техас муж улсын өмнөд хэсгийг дайран өнгөрч, цахилгаан хангамжийг тасалдуулсан шуурга 23 тэрбум ам.долларын хохирол учруулсан байна.


Мөн Хятадын Хэнань мужид долоодугаар сард болсон үер 17.6 тэрбум ам.долларын уршиг дагуулсан бол түүний араас Канадад болсон үер /7.5 тэрбум/, Францад усан үзмийн талбайд ихээхэн гарз учруулсан хүйтэн /5.6 тэрбум/, Энэтхэг, Бангладешийг дайран өнгөрсөн “Яас” шуурга /3 тэрбум/, Австралид болсон үер /2.1 тэрбум/, Хятадад дэгдсэн “Ин-Фа” шуурга /2 тэрбум/, Энэтхэг, Шри Ланкаг дайрсан “Туктае” шуурга /1.5 тэрбум/ бичигджээ.


Энэ сарын дундуур Швейцарын “Swiss Re” даатгалын компани 2021 онд дэлхийн хэмжээнд нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлийн нийт хохирлыг 250 тэрбум ам.доллар хэмээн тооцоолсон нь 2020 оныхоос 24 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, үр дагаврыг улам бүр нэмэгдүүлж байна гэж эрдэмтэд үзэж байна.

Холбоотой мэдээ