Оросын тамирчдыг "Рио-2016"-д оролцуулахгүй байхыг уриалсан хүсэлт гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-07-18 12:21:51

ВАШИНГТОН. /VOA/. Дэлхийн тамирчид болон допингийн эсрэг байгууллагуудын удирдлагууд Оросын тамирчдыг “Рио-2016” Олимпын наадамд оролцуулахгүй байхыг уриалсан хүсэлт гаргажээ.

2014 оны Сочигийн олимпын үеэр Оросын албаны хүмүүсийн төрийн ивээл дор явуулсан допингийн хөтөлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны дүн гарсны дараа дээрх хүсэлтийг Олон улсын олимпын хороонд илгээх ажээ.

Сочигийн олимпын үеэр допингийн шалгалтыг удирдаж байсан ОХУ-ын допингийн эсрэг лабораторийн захирал Григорий Родченков өнгөрсөн тавдугаар сард “New York Times” сонинд ярилцлага өгөхдөө "Сочигийн олимпын наадамд оролцохдоо сэргээш хэрэглэсэн байсан хэдэн арван тамирчдын асуудлыг нуун дарагдуул гэж Засгийн газраас өгсөн зааврыг  дагасан" гэж мэдэгдсэн байна.

“New York Times” сонинд мэдээлснээр, Допингийн эсрэг үндэсний байгууллагын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Иосеф де Пенцир дэлхийн улс орнууд дахь тус хүрээлэнгийн гишүүдэд хандан уг хүсэлтэд гарын үсэг зурахыг уриалжээ.

“Энэ мөрдөн шалгалтын дүн нь түүхэн дэх хамгийн том допингийн дуулиан шуугианыг дэгдээж, ОХУ-ын Засгийн газар цэвэр ариун өрсөлдөөний эсрэг хуйвалдаанд оролцсон хэргийг дэлгэн илчилнэ. Мөн энэ нь спортын цэвэр өрсөлдөөнийг хангахын төлөөх өөрчлөлт байх болно” гэж тэрбээр мэдэгджээ.

Мөрдөн шалгалтын хариуг өнөөдөр Торонто хотод танилцуулна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ