“УБТЗ” олон улсын тээвэр, ложистикийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ-ын хамт олон өчигдөр 2500 дахь дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргээ аялуулж өмнөх оны амжилтаа ахиуллаа.
Тодруулбал, энэ өдрийн 09.15 цагт
Сүхбаатар-Наушки өртөө хооронд
чингэлгийн 1055 дугаартай 31 вагон бүхий ОХУ-ын Базайха өртөө хүрэх галт
тэргийг аялуулснаар энэ амжилтад хүрэв. Тус галт тэрэг нь дотоодын тээвэр
зуучийн "Ийст винд" компаниар зуучлуулсан ОХУ-ын
"Трансконтейнер" компанийн ачаа ажээ. Мөн вагоны багтаамж, ашиглалтыг
сайжруулснаар өнгөрсөн оны мөн үеэс 40 орчим мянган TEU чингэлэг илүү
тээвэрлэсэн байна. Төлөвлөгөө ёсоор 2500 галт тэрэг, 250.000 чингэлэг тээхээр
тооцжээ.
Энэ амжилт нь “Улаанбаатар төмөр зам” ХНН бүс
нутаг, олон улсын тээвэр, ложистикийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч болсныг
харуулаад зогсохгүй Хятад-Европыг холбосон хуурай замын коридорууд дотроо
хүчтэй өрсөлдөгч болсныг нь баталж байна.
Нэмж дурдахад, Монгол Улсын нутгаар дамжин Ази-Европ, Хятад-Оросын хооронд тэгш болон сондгой чиглэлд аялсан чингэлгийн галт тэрэг өнгөрсөн жил 2312-д хүрч, УБТЗ-ын хамт олон шинэ дээд амжилт тогтоож байсан юм. Тус амжилт нь Орос, Казахстаны өндөр хүчин чадалтай коридоруудтай өрсөлдөн нийт дамжин өнгөрсөн чингэлгийн 20 гаруй хувийг тээвэрлэсэн хамгийн өндөр өсөлттэй коридороор тооцогдож байсан билээ.