Энэтхэгт шинэ жилийн баяраар олон хүн нэг дор цуглахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-12-31 13:56:52

ШИНЭ ДЕЛИ. /The Guardian/. Энэтхэгийн эрх баригчид шинэ жилийн баяраар олон хүн нэг дор цугларахаас сэргийлж, коронавирусний өвчлөлийг нэмэгдүүлэхгүйн тулд ковидийн хязгаарлалтаа чангатгажээ.


Тус улсын томоохон хотуудад шөнийн цагаар хөл хорио тогтоосон бол зоогийн газруудаар үйлчлүүлэх хүний тоог хязгаарласан байна. Тухайлбал, Мумбай хотод нэг дор таваас дээш хүн цуглахыг хоригложээ.


Гэсэн хэдий ч АР агентлагийн мэдээлж буйгаар, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Дотоод хэргийн сайд Амит Шах нар хязгаарлалтыг үл харгалзан өмнө нь тус улсын хойд мужуудад олон мянган иргэнийхээ өмнө үг хэлсэн байна.  


“Омикрон” хувилбарын халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан улс төрийн цуглаан, сонгуулийн кампанит ажил хийхгүй байхыг Энэтхэгийн шүүх засаглалын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Модигийн Засгийн газарт  уриалжээ.


Сүүлийн 24 цагт Энэтхэгт 13 100 орчим шинэ тохиолдол илэрсэн нь өмнөх өдрийнхөөс 43 хувиар өссөн үзүүлэлт аж. 


Цар тахал дэгдсэнээс хойш Энэтхэгт коронавирусний халдварын 34.8 сая тохиолдол бүртгэгдэж, 481 мянга орчим хүн халдварын улмаас нас барсан байна. 

Холбоотой мэдээ