УБТЗ 31 сая тонн ачаа тээвэрлэж дээд амжилт тогтоожээ

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-31 16:58:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-наас Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өнгөрч буй онд хийсэн онцлох бүтээн байгуулалтыг танилцууллаа.

УБТЗ ХНН цар тахлын үед улс орны хэрэгцээт ачааг нэг ч өдөр тасалдалгүйгээр төмөр замаар тээвэрлэж Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулжээ. Тухайлбал, энэ онд 31 сая тонн ачаа тээвэрлэн 2020 оны амжилтыг эвдэн дахин түүхэн дээд амжилт тогтоолоо. 




Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин Ази, Европ тив болон БНХАУ, ОХУ-ын хооронд тэгш болон сондгой чиглэлд зорчсон чингэлгийн галт тэргийн тээвэр 2020 онд 2312 хүрч байсан бол энэ  үзүүлэлтийг энэ онд 2500 болгон өсгөснөөр өнгөрсөн жилийнхээс 188 галт тэргээр илүү байна. Эрчимтэй өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахын тулд УБТЗ ХНН-ийн 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тээх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон бүтээлч ажлыг хийж иржээ. 



Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын зам угсралтын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, өртөө зөрлөгийн удирдлагын төвийн болон ажилчдын орон сууцнуудыг барьж ашиглалтад өгөв. Нийт төслийн ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Энэ төсөлд 2427 урт/метр буюу 27 гүүрийн байгууламжийг барьж тавьснаар онцлог юм.  Тус төмөр зам ашиглалтад орсноор 1200 байнгын ажлын байр бий болно. 2022 оны 2 дугаар улиралд төсөл бүрэн дуусч, төмөр замын тээвэрлэлт эхэлнэ.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын зам угсралтын ажил 100 хувь, нийт төслийн ажлын гүйцэтгэл 74 хувьтай байна. Төмөр зам ашиглалтад орсноор, Монгол Улсын ашигт малтмалын нөөц бүхий ордуудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах , жилд 30 сая тонн ачаа тээвэрлэн, экспортлох боломж бүрдэхээс гадна 1350 орчим шууд ажлын байр шинээр бий болох юм. Энэ төсөлд нийтдээ 1356 урт/метр буюу 16 гүүрийн байгууламжийг ашиглалтад оруулснаараа онцлог юм. Төслийн ажлыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан дуусгаж тээвэрлэлт эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Холбоотой мэдээ