Өсвөрийн улаан загалмайчид 7.8 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-04 18:01:10

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Улаан загалмайн хорооны тусч бүлгийн хүүхдүүд өнгөрсөн онд зорилтот бүлгийн 556 хүүхдэд 7.8 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлжээ.

Аймгийн Улаан загалмайн хороо нь өнгөрсөн онд “Хүмүүнлэг иргэн- Хөгжлийн ирээдүй" уриалгын хүрээнд өсвөрийн улаан загалмайчдын тусч бүлгэмийн хүүхдүүдээр дамжуулан хүмүүнлэгийн олон талын үйл ажиллагааг явууллаа. Анх 2018 онд Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 30 хүүхэд сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтран өсвөрийн улаан загалмайчдын тусч бүлгэмийг байгуулсан.

Тусч бүлгэмийн хүүхдүүд аймгийнхаа зорилтот бүлгийн иргэд, хүүхэд багачуудад туслах, үе тэнгийнхнийгээ хүнлэг энэрэнгүй иргэн болон төлөвшүүлэх олон талын ажлыг улирал бүр хийж хэвшсэн. 2018 оноос хойш тусч бүлгийн хүүхдүүд улс, аймаг, бүсийн уулзалт хэлэлцүүлэгт найман удаа аймгийнхаа хүүхдүүдийг төлөөлж оролцож багагүй амжилт гаргасан байна. Өнгөрсөн жил гэхэд 21 удаагийн үйл ажиллагааг зохион явуулж зорилтот бүлгийн 556 хүүхдэд 7.8 сая төгрөгийн тусламж үзүүлжээ. Мөн 550 иргэнд "Ковид-19" цар тахал болон байгаль цаг уурын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, 150 гаруй хүүхдийг эгнээндээ нэгтгэн хүмүүнлэгийн үйл хэргийг тасралтгүй явуулж байна.

Тусч бүлгэмийн хүүхдүүд 2021 онд үе тэнгийнхэн болон зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаагаараа сайн туршлага түгээгч ”Тэргүүний хүүхдийн оролцооны байгууллага”-аар шалгарсан. Мөн манай тусч бүлгэмийн дөрвөн суралцагч аймгийн 2021 оны шилдэг суралцагчаар шалгарсан байна гэж аймгийн Улаан загалмайн хорооноос мэдээлэв.


 

Холбоотой мэдээ