Б.Мөнхжин: Казахстанд монгол иргэн халдлагад өртсөн тухай мэдээ ирээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-06 14:36:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Казахстан улсад онц байдал тогтоосонтой холбоотойгоор тэнд байгаа монгол иргэдийн асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингөөс тодрууллаа. 


-Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар Казахстанд байгаа монгол иргэдийн асуудлыг хэлэлцсэн үү?


-Дээрх асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээгүй. Гэхдээ хуралдааны үеэр танхимын гишүүд Казахстанд болж байгаа үйл явдлын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өгсөн. Тэнд 4200 орчим Монгол Улсын иргэн бий. Одоогоор, Монгол Улсын иргэн халдлагад өртсөн тухай мэдээлэл манай яаманд ирээгүй.


-Одоо Казахстан улсад нөхцөл байдал ямар байна вэ, интернэт сүлжээ тасалдаж байгаа тухай мэдээлэл авсан? 


-Нөхцөл байдал ямар байгаа вэ гэхээр, харилцаа холбоо, интернэт тасалдаж байна. Суурин утас ажиллаж байгаа ч ихэнх тохиолдолд тасалдаж байгаа. Ерөнхийдөө холбоо барих нөхцөл хүнд байна. Казахстан улс даяар онц байдал зарласан. Одоогоор тус улсын удирдлага Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас цэрэг оруулж ирэх тусламж хүссэн. Тухайн байгууллага зөвшөөрсөн гэсэн мэдээлэлтэй байна.


-Иргэдээ татан авах асуудал яригдах уу?


-Тийм нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ одоогоор тийм нөхцөлд хүрээгүй байна.

Холбоотой мэдээ