Цагаан олимпын түүхэн замнал - " Лэйк-Плэсид -1932"

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-12 14:21:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам эхлэхэд 24 хоног үлдээд байгаатай холбогдуулан Цагаан олимпын түүхэн замналыг спорт сонирхогчдод МҮОХ-ноос цувралаар хүргэж байгаа юм.

 

АНУ-ын Нью-Йорк мужид орших Лэйк-Плэсид хэмээх жижиг хотод 1932 оны 2 дугаар сарын 4-13-ны өдөр Өвлийн олимпын III наадам болж  17 улс /Европын 14, Хойд Америкийн 2, Азийн 1 улс/-ын 252 тамирчин спортын 7 төрөлд өрсөлдсөн байна.

 

Лэйк-Плэсид-1932” өвлийн олимпын нээлтийн ёслол Жеймс Б.Шеффилдагийн нэрэмжит Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болж, тухайн үеийн Нью-Йорк мужийн амбан захирагч Ф.Рузвельт үг хэлж III наадмыг нээж байжээ.

 

                    Сонирхолтой баримтууд

 

1904 оны Зуны олимпын наадмыг зохион байгуулсан Америкчууд 1932 оны Өвлийн олимпын наадмыг эх орондоо анх удаа зохион байгуулах эрх авснаар Франц улсын дараа Зуны болон Өвлийн олимпын наадмыг зохион байгуулсан 2 дахь улс болсон юм.

 

Швейцарын Лозанн хотноо 1929 оны 4 сард болсон ОУОХ-ын 27 дугаар чуулганаар 1932 оны Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авсан бөгөөд америкчууд зохион байгуулах нь тодорхой байв. Учир нь 1932 оны тус наадмыг зохион байгуулах эрхийн төлөө АНУ-ын 7 хот, Канадын Монерал болон Норвегийн Осло хотууд өрсөлдсөн. Ийнхүү Хойд Америкт Өвлийн олимпын анхны жим гарсан түүхтэй. Мөн АНУ 1932 оны 2 дугаар сард Өвлийн олимпыг зохион байгуулсан бол 7 дугаар сараас 8 дугаар сард Зуны олимпын наадмыг зохион байгуулсан байдаг.

 

Нью-Йорк мужид орших 4000 оршин суугчидтэй Лэйк-Плэсид хэмээх жижиг хотод Өвлийн олимпыг зохион байгуулахад Гүдфри Дью хэмээх эрхмийн дэмжлэг маш их байсныг дурьдах хэрэгтэй. Сент-Морицын олимпын наадамд АНУ-ын тугчаар оролцсон Г.Дью санхүүгийн хүндрэл бэрхшээлийг үл харгалзан Америк орондоо, 4000 хүн амтай бяцхан хот Лэйк-Плэсиддээ энэ наадмыг зохион байгуулж чадсан байдаг. Түүний хичээл зүтгэлээр АНУ-ын Лэйк-Плэсид хэмээх бяцхан хот Дэлхийн сонорт хүрч чадсан юм.

 

Лэйк-Плэсидийн Өвлийн олимпын наадам өмнөх 2 наадмыг бодвол оролцогч улс болон тамирчдын тоо багассан нь орон зайтай шууд холбоотой юм. Шамонид 16 улсын 258 тамирчин, Сент-Морицод 25 улсын 464 тамирчин оролцсон бол Лэйк-Плэсидэд 17 улсын 252 тамирчин өрсөлдсөн.

 


Өмнөх 2 олимпоос медаль хүртсэн Их Британичууд анх удаагаа Өвлийн олимпын наадмаас медаль хүртэж чадаагүй. Харин Унгарчууд 3 дахь удаагаа Өвлийн Олимпын наадамд оролцон байж анхны медалиа хүртлээ. Унгарын уран гулгалтын хосын төрөлд өрсөлдсөн Э.Роттер болон Л.Соллаш нар хүрэл медаль хүртсэн.

 

Лэйк-Плэсидийн Өвлийн олимпийн наадамд АНУ-ын тамирчид 14 медаль хүртсэнээс 6 алтан медаль хүртэж бахдам амжилт үзүүлсэн. Ялангуяа тэшүүрийн төрөлд өрсөлдсөн И.Яффе, Ж.Ши нар тус бүр 2 алтан медаль хүртсэн. Харин Норвегийн уран гулгалтын тамирчин С.Хени аваргаа хамгаалж олимпын наадмын хошой алтан медальт болсон байна.



Холбоотой мэдээ