Дархлаажуулалтад 60-аас дээш насныхан хамгийн идэвхтэй хамрагдаж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-01-14 12:14:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд Улаанбаатар хотод 160 суурин цэг, 21 аймаг, 9 дүүрэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн 370 гаруй цэгээр дархлаажуулалт хийж байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.


Энэ сарын 13-ны байдлаар, вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2.2 сая  иргэн, хоёрдугаар тунд 66.6 хувь буюу 2.1 сая иргэнийг хамруулжээ.


Дархлаа сэргээх нэмэлт тунгийн вакцинжуулалт өнгөрсөн 8 дугаар сараас эхэлж 955 мянган иргэн буюу зорилтот бүлгийн 49.2 хувь, нийт хүн амын 29.4 хувийг тус тус хамруулаад байна.


Эрүүл мэндийн сайдын тушаалаар дархлаа сэргээх дөрөвдүгээр тунгаар зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулах ажлыг улсын хэмжээнд эхэлсэн. Одоогоор дөрөвдүгээр тунд 20 мянган иргэн хамрагдаад байна.

Дархлаажуулалтад 18-аас дээш насныхны 91 хувь нь хамрагдсан бол 18-25 насны бүлгийнхэн бусад насны бүлэгтэй харьцуулахад доогуур байгаа аж. Харин 60-аас дээш насныхан хамгийн идэвхтэй буюу 90-ээс дээш хувьтай  дархлаажуулалтад хамрагдсан байна.

 

Нийт 21 аймгийн 71-ээс дээш хувь нь 50-иас дээш хувьтай байна. Цаашид хоёр тундаа бүрэн хамрагдсан, хамрагдсанаас хойш гурван сар буюу түүнээс дээш хугацаа өнгөрсөн иргэд өөрт хамгийн ойр цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтойг тэрбээр дурдсан юм.


Холбоотой мэдээ