Тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг үе шаттай зохион байгуулах шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-18 15:36:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ, Монголын ахмадын холбооноос тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийж, 2022-2023 онд багтан тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг үе шаттай зохион байгуулах шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж буйгаа мэдэгдлээ.


Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 358 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагийн 60 орчим хувийнх нь тэтгэвэр доод хэмжээ буюу 350.000 төгрөг байгаа аж.


Хэвлэлийн хурлын үеэр Ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар хэлэхдээ, “Тэтгэвэр нэмээгүй хоёр жил боллоо. Энэ хугацаанд хүнсний бүтээгдэхүүн, ойр зуурын ахуйн хэрэглээний зүйлсийн үнэ огцом өсөж ахмадуудын амьдрал туйлдаа хүрч байна. Мөн 2022 оны төсөвт тэтгэвэр нэмэх агуулга огт тусгагдаагүй байна. Ахмад настны тэтгэврийг жил бүр индексжүүлэн нэмэгдүүлэх заалт хуульд байдаг ч зохих журмын дагуу хэрэгждэггүй. 2001 оноос өмнө нь тэтгэвэр тогтоолгосон ахмадууд өнөөдөр улсын дундаж цалингаас бага буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Гэтэл одоогийн тэтгэвэр тогтоолгож байгаа ахмадууд хамгийн багадаа 800 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн тэтгэвэр авч байна. 2022-2023 онд багтан тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг үе шаттай зохион байгуулах шаардлагатай" гэлээ.


Түүнчлэн тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг болгоод асуудал шийдэгдэхгүй тул тухайн жилийн дундаж цалинтай уялдуулан тэтгэврийг тогтоож байх, тухайн хүний ажилласан хугацаа, төлсөн шимтгэл, ямар нөхцөлд ажилласан гээд олон асуудлыг харгалзан тэтгэврийг тогтоох шаардлагатай бөгөөд ялангуяа олон жил ажилласан хүмүүсийн тэтгэврийг шинэчлэн тогтоох хэрэгтэйг тэрбээр дурдсан юм.


МҮЭХ-ноос ахмадуудын нийгмийн асуудал хүнд байгаа, ахмадууд тэтгэвэртээ гараад л шууд ядуусын эгнээнд шилжиж байгааг тодотгоод нийт ахмадуудын тэтгэврийг 10 орчим хувиар нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгахын тулд энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

 

Холбоотой мэдээ