Монгол Улсад 77 улсын 5.6 мянган иргэн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-18 15:17:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад 2021 оны 4 дүгээр улирлын эцэст гадаадын 77 улсын 5.6 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр мөн сайн дурын ажил хийж байна.


Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх улирлынхаас 136 (2.4 хувь) хүнээр цөөрөв. Тэдгээр иргэдийн 5 (90 хувь) мянга нь эрэгтэй, 0.6 (10 хувь) мянга нь эмэгтэй гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 62.9 хувь нь БНХАУ-ын, 4.8 хувь нь ОХУ-ын, 4.2 хувь нь Вьетнам Улсын, 3.9 хувь нь БНСУ-ын, 2.9 хувь нь БНЭУ-ын, 2.4 хувь нь Австрали Улсын, 2.3 хувь нь Албани Улсын, 2 хувь нь АНУ-ын, 14.6 хувь нь бусад улсын харьяат аж. Мөн тэдний 17.9 хувь нь 50-54 насныхан, 17.6 хувь нь 45-49 насных, 14.6 хувь нь 35-39 насныхан, 1.6 хувь нь 24 хүртэлх насныхан байна.


Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 2.1 (38.2 хувь) мянга нь Улаанбаатарт, 2 (36.3 хувь) мянга нь төвийн, 1 (17.3 хувь) мянга нь зүүн, 0.3 (4.7 хувь) мянга нь баруун, 0.2 (3.5 хувь) мянга нь хангайн бүсэд ажиллаж байна.


Ажил эрхэгчдийн 2.2 (38.3 хувь) мянга нь дипломын болон бакалаврын дээд, 2 (36.4 хувь) мянга нь техник, мэргэжлийн, 0.8 (14.9 хувь) мянга нь бүрэн дунд, 0.4 (7.1 хувь) мянга нь тусгай мэргэжлийн дунд, 0.2 (3.3 хувь) мянга нь суурь боловсролтой. Ажил эрхэлдэг гадаадын иргэдийн хамгийн олон буюу 2.5 (44.8 хувь) мянга нь мэргэжилтэн, хамгийн бага буюу 2 (0.1 хувь) иргэн хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтнаар ажиллаж байгаа.


Манай улсад өнгөрсөн оны 4 дүгээр улиралд ажил эрхэлж буй гадаад иргэдийн 2027 (36.1 хувь) нь уул уурхай, олборлолтын, 1600 (28.5 хувь) нь барилгын, 494 (8.8 хувь) нь боловсролын, 377 (6.7 хувь) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 344 (6.1 хувь) нь бөөний, жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 219 (3.9 хувь) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 79 (1.4 хувь) нь зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээ, 75 (1.3 хувь) нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 402 (7.2 хувь) нь бусад салбарт ажиллаж байна. Энэ нь өмнөх улирлынхтай харьцуулахад, тухайлбал уул уурхайн олборлолтын салбарт ажил эрхэлж буй гадаад иргэд 418 (26 хувь) хүнээр нэмэгдэж, тээвэр агуулахын үйл ажиллагааны салбарт 224 (50.6 хувь) хүнээр багасжээ.


Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд 5 (88.9 хувь) мянга нь ХХК-д, 0.3 (5.9 хувь) мянга нь төрийн өмчит аж ахуйн оролцоотой үйлдвэрийн газарт, 0.2 (2.9 хувь) мянга нь ТББ-д, 0.1 (2.3 хувь) мянга нь бусад байгууллагад ажиллаж байна.

Холбоотой мэдээ