Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БОАЖ-ын сайдыг томилох захирамжид гарын үсэг зурав

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.mn
2022-01-18 16:18:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилох захирамжид гарын үсэг зурж, гардууллаа.


Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан юм. Энэ дагуу Ерөнхий сайд захирамжид гарын үсэг зурж буй бөгөөд шинээр томилогдсон сайд өнөөдөр УИХ-д тангараг өргөнө.


Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд төрсөн. 1996 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 Улаанбаатар их сургуулийг төгссөн. Түүх судлаач, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, түүхийн ухааны магистр цолтой. 2003-2017 онд “Силк Роад”, “Эйр Тиккет” компанийн Ерөнхий захирал, 2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газарт зөвлөх, 2012-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн 2015-2016 онд МХЕГ-ын дэд дарга, 2016-2017 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 2017-2018, 2019-2020 онд Эрдэнэт хотын Хөгжил, бодлого, судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллажээ. 2020 оноос ШӨХТГ-ын даргаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ