Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн автозамын тендерийг олон улсад зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-19 14:35:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын ажлын тендерийг олон улсад нээлттэй зарлах шийдвэр гаргасан тухай ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээлэв. 


Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичигт туссаны дагуу дээрх автозамын бүтээн байгуулах ажлыг эхлүүлэх бөгөөд Ерөнхий сайд тендерийн баримт бичгийг боловсруулж ирэх сарын 15-нд багтаан олон улсад нээлттэй зарлахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт чиглэл болгожээ. 


Тус чиглэлийн автозамын төслөөр 2015 онд тендер зарлаж байсан ч шалгарсан компани гүйцэтгэл тааруу байсан тул концессын гэрээг цуцалж байжээ. Энэ нөхцөл байдлыг үзээд, олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ.


Монголын автозамчдын холбооноос 2020 онд дээрх автозамын сүлжээг санаачлан ТЭЗҮ-ийн урьдчилсан тооцоог гаргаж, тухайн үед ҮАБЗ болон Засгийн газраар хэлэлцүүлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар, Монголын автозамчдын холбооноос ирсэн саналын дагуу Засгийн газрын гишүүд ачааны урсгалын тооцоог нэмэх шаардлагатай гэж үзсэн тухай ЗТХ-ийн сайд мэдээллийнхээ үеэр тодотгов. 

Холбоотой мэдээ