Д.Батсуурь: 2021 онд Алтанбулаг суманд 350 түр ажлын байр, 31 шинэ ажлын байр бий болгосон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-20 11:09:21

Төв /МОНЦАМЭ/ Халамжаас хөдөлмөрт шилжиж хүнсний эрхийн бичиггүй Төв аймгийн анхны сум болсон Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурьтай ярилцлаа.


-Төв аймгийн Алтанбулаг сум нь 9 гайхамшгийн нэг оршдог байгаль, газарзүйн хувьд онцлог бүхий сум билээ. Сумын талаар товч танилцуулбал?

-Тийм ээ. Сумын нутаг дэвсгэрт Хустайн байгалийн цогцолборт газар, Зэвсэгт хүчний 119-р анги, Олон улсын энхийг сахиулахын сургалтын төв, Зэвсэгт хүчний 311-р анги зэрэг байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Төв аймгийн Алтанбулаг сум нь нийслэл Улаанбаатар хотоос баруун тийш 52км, аймгийн төвөөс 48км зайтай Туул голын хөвөөнд байрладаг.  Зүүн урд болон урд талаараа Сэргэлэн, Баянцагаан Баян-Өнжүүл, баруун, баруун хойд, хойд талаараа Бүрэн, Өндөрширээт, Лүн, Баянхангай, Аргалант, Баянцогт сумтай зүүн талаараа Улаанбаатар хотын Сонгино хайрхан, Хан-Уул дүүрэгтэй хиллэдэг. 2020 онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13-р хороо Туул тосгонтой 13,7 км хатуу хучилттай авто замаар холбогдсон. Мөн сумын хувьд 2021 оны жилийн эцсийн хүн болон малын тооллогоор нийт 1007 өрхийн 3375 хүн ам,  309927 тоо  толгой мал тоолуулсан байна.

-Өнгөрсөн жилийг “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Урианы жилийн төлөвлөгөөний хэрэгжилт хэдэн хувьтай байсан бэ? Оны ажлаа дүгнэвэл?

-2021 он Алтанбулагчууд бид бүхэнд ажлын ололт амжилтаар дүүрэн жил байлаа. Дэлхий нийтийг цочроосон аюулт цар тахлын хүнд хэцүүхэн цаг үе хэдий ч бид бүхэн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, төрийн үйлчилгээг иргэдэдээ хүргэж, төлөвөлөсөн ажлуудаа амжилттай гүйцэтгэлээ. Төрөлх нутгаа хөгжүүлж, дэд бүтцийг сайжруулах иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн салбаруудын ололт амжилтыг ахиулах зэрэг дэвшүүлсэн бодлого зорилтуудаа бид амжилттай хэрэгжүүлж ажиллалаа. Урианы жилийн хүрээнд боловсролын салбарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, цахим хичээлийг үр дүнд хүргэх, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн үнэт зүйлийг эрхэмлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлсэн ба урианы жилийн биелэлтийг 2021.12.16-ны өдрийн ИТХ-аар хэлэлцүүлж  96 хувьтай дүгнүүллээ.

Энэ жил Алтанбулаг сум сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймаг, сумын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан 75 хүүхдийн цэцрлэгийн барилгыг хүлээн авч ашиглалтад оруулллаа. Шинэ цэцэрлэгтэй болсноор хүүхдийн хамран сургалт нэмэгдэхээс гадна иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж, өрхийн амьжиргааг сайжруулах, хүн амын нийгмийн асуудлыг зохистойгоор шийдвэрлэх нөхцөл бүрдсэн юм.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлж, хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ая тухыг хангах үүднээс ЭМТ-ийн гадна фасадны дулаалгын ажил, хүүхдийн сурч боловсрох орчныг сайжруулах хүрээнд ЕБС-ийн дотуур байрны дээврийн засварын ажлыг аймгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн.

Төрийн албан хаагчдын орон сууцны газрын асуудлыг шийдвэрлэж, нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд хашаажуулан, төвлөрсөн халаалтад холбож, хандив тусламжаар тоглоомын талбай байгуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэж, нийтийн эзэмшлийн талбайг хашаажуулан мод тарьж, цаашид төрөлх нутгаа ногоон төгөл болгохын төлөө зорин ажиллаж байна. Энэ хүрээнд аймаг сумын хөрөнгө оруулатаар чацарганы кластер ферм байгуулах ажлыг эхлүүлж 1200 чацарганы суулгац суулгаж хашаажууллаа. Ирэх хавар нэмж 2300ш суулгац тарьж, сумын зорилтот өрхийн иргэдэдээ эзэмшүүлэх ба иргэд тухайн аж ахуйг өргөжүүлж өрхийн орлогоо нэмэгдүүлэх юм

-Халамжаас хөдөлмөрт шилжиж хүнсний эрхийн бичиггүй Төв аймгийн анхны сум болсон?

-Бид зорилтот өрхүүддээ чиглэсэн олон ажлыг зохион байгуулдаг. Иргэдээ ажилтай орлоготой байлгах үүднээс жил бүр түр болон байнгын ажлын байрыг нэмгдүүлэхийн төлөө ажиллаж байна. 2021 онд түр ажлын байр болох ямаа самнах, хонь ноослох, өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах, хашаа саравч засварлах, малын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хадлан хадах, ногоо тарих, гэрээт үйлдвэрүүдэд сүү борлуулах зэрэг 350 түр ажлын байр бий болгосон.

Сум хөгжүүлэх сангийн зээлээр 16 шинэ ажлын байр, ажил олгогч малчин газар тариалангын чиглэлээр 15 иргэн тус тус шинээр ажлын байр үүсгэж, энэ онд нийт 31 шинэ ажлын байрыг бий болгосон. 2021 оны 3-р сард " Төгсөлтийн аргачлал" төслийг хэрэгжүүлэх сумын төлөвлөгөөг баталж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хамтран ажиллах 3 талт гэрээг 8 өрхтэй байгуулж баталгаажуулаад байна. Мөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг Зэвсэгт хүчний 119-р анги, Зэвсэгт хүчний 311-р ангитай хамтран ажиллаж, байнгын ажлын байранд 6 иргэнийг хамруулсан ба түр ажлын байранд 5 иргэн, нийтийг хамарсан ажлын төсөлд 3 иргэнийг тус тус хамруулж, ажлын байр нэмэгдүүлэн ажиллалаа. Мөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг иргэн аж ахуй нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, гэрээнд түр болон байнгын ажлын байрыг тусгаж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

-Хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт төрөөс дэмжлэг туслалцаа хэр үзүүлдэг вэ?

-Манай суманд хувиараа хөдөлмөр эрхлэгч 22 иргэн оёдол, эсгий урлал, жижиглэн худалдаа, дугуй засвар, барилга, блок үйлдвэрлэл, авто засварын төрлөөр үйл ажиллагаа явуулж байна. Орон нутгаас хувиараа хөдөлмөр эрхлэгчдээ хөнгөлөлттэй зээлээр дэмжихээс гадна орлогыг нэмэгдүүлэх, сурталчлах үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд сумандаа улирал бүр “Нэг баг-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, сумын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа эрхэлдэг албан байгууллага, аж ахуй нэгжүүдээ урилгаар оролцуулан, борлуулалтыг нэмэгдүүлж ажилладаг. Мөн аймаг, нийслэлд зохион байгуулдаг үзэсэгэлэн худалдаануудад үйлдвэрлэгчдээ зохион байгуулалтайгаар оррлцуулж хэвшээд байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд анхаарч, сум хөгжүүлэх сан мөн аймаг хөгжүүлэх санд хамруулахаар аймгийн удирдлагад хүсэлт уламжилж шийдвэрлэн ажиллаж байна.

-2021 онд шинээр санаачилсан болон уламжлал болгож хийсэн ажлууд бий юу?

-Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө, Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих урианы жилийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн бодлого зорилтуудаа хэрэгжүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахаас гадна цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж хийж хэрэгжүүлэх ажлууд гарч ирдэг.

2021 оны томоохон нэг ажил нь сумын төвийг цэвэр, бохирын инженерийн шугам шийдэлд холбох талаар Барилга, хот байгуулалтын сайдад хүсэлт уламжилснаар сайдын багцаас зураг төсвийн 200 сая төгрөгийг шийдвэрлэхээр болж, зургийн даалгаврын ажлыг гүйцэтгэж байна. БХБЯ-аас 2022 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар инженерийн шугам шийдлийн хөрөнгийг шийдвэрлүүлэх талаар уламжлахаа мэдэгдсэн.

-2022 онд улс, аймаг, сумын  хөрөнгө оруулалтаар хийх ямар ажлууд байгаа вэ?

-Улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Туул голын хойд хоёр салаанд төмөр бетонон гүүр хийнэ. Сумын төвийн нэгдсэн цэвэр, бохирын инжинерийн шугам шийдлийн зураг төсвийг БХБЯ-ны 200 сая төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэхээр төлөвлөж байна. Аймаг, сумын 550 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ. Аймаг, сумын 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн гэр хорооллын айл өрхүүдийн хашааг жишиг хогийн саваар жигдрүүлэх юм.

Аймаг, сумын хөрөнгө оруулалтаар чийрэгжүүлэлтийн талбай, явган хүний зам, тоглоомын талбай байгуулахаар төлөвлөсөн, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны хоолны заалны өргөтгөл, хичээлийн байр, дотуур байрны их засварын зураг төсвийг орон нутгийн санхүүжилтээр хийнэ. Орон нутгийн санхүүжилтээр төвлөрсөн хогийн цэгийг шинээр бий болгож, хашаажуулж, байнгын харуул, манаачтай байхаар зохион байгуулж байна.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Туул, Өл хороололд гэрэлт цамхаг барих, сумын нутаг дэвсгэрт ундны болон бэлчээрийн 5 гүн өрмийн худаг гаргах, сумын төвийн ундны усны худгийг ухаалаг төхөөрөмжтэй болгох зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

-Таны хувьд нутгийн удирдлагаар улиран сонгогдсон иргэдээс ирсэн санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Орон нутгийн удирдлага гэдэг бол тухайн нутаг орныхоо өрхийн тэргүүн юм. Тэгэхээр миний хувьд Алтанбулаг сумын өрхийн тэргүүн эцэг хүн юм. Өрхийн тэргүүнд гэр бүлийн нь бүхий л асуудал салшгүй холбоотой байдаг шиг иргэдийн санал хүсэлт бүрт түргэн шуурхай, хүндрэл бэрхшээл учруулалгүйгээр хариулт өгөхийг хичээдэг. Төрийн байгууллагын гол зорилго нь холбогдох хууль дүрмийг хэрэгжүүлж, иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг байх ёстой. Албан байгууллага бүрт санал хүсэлтийн хайрцаг байдаг ба иргэдээс ирсэн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэг. Мөн "Ковид-19" цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хүрээнд Шуурхай штабын 24 цагийн нээлттэй утсыг ажиллуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч тухай бүрт шийдвэрлэн ажиллаж байна. Нутгийн захиргааны байгууллага 7 хоног бүрийн эхний өдөр шуурхай хуралдааныг хийж, цаг үеийн ажил болон иргэдээс ирсэн санал хүсэлтийг бодит ажил болгож холбогдох байгууллага, мэргэжилтэн албан хаагчдыг үүрэгжүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилладаг.

-Алтанбулаг сум аймгийн хэмжээнд зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа бүрд оролцдог. Танай сумын брэнд бүтээгдэхүүний борлуулалт хэр байна вэ?

-Тийм ээ. Манай сумын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн брэнд бүтээгдэхүүн олон байдаг. Тэдгээрээс дурдвал “Гирга бүс“, Голланд бяслаг, хүүхдийн цэмбэн гутал, ширмэл ширдэг гэх зэрэг бүтээгдэхүүн бий. Гирга бүсийг сумын айл өрхүүд үйлдвэрлэж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна. Алтанбулаг суманд бяслагийн 2 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг ба "Лигийн ухаа" ХХК-ийн бяслаг нийслэл Улаанбаатар хот болон бусад аймгийн хэрэгцээг хангахаас гадна зарим улс орнуудад экспортолж байна. Хүүхдийн цэмбэн гутлын хувьд Улаанбаатар хотод гутлын худалдаа эрхэлдэг иргэд сумын үйлдвэрлэгчдээс бэлэн мөнгөөр тогтмол бөөндөж цааш нь жижиглэнгээр зарж борлуулдаг.

-Байгаль орчныг бохирдуулж байгаа нэг асуудал бол хог юм. Танай сумын хувьд хогийн менежментийн ямар бодлого барьж байна вэ?

-2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд хогийн менежментийг шинэчлэх талаар бодлого зорилт дэвшүүлж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төвлөрсөн хогийн цэгийг шинээр байгуулах газрыг тусгасан. Мөн гэр хорооллын айл өрхүүдийг хогоо ангилан ялгадаг жишиг савтай болгох ажлыг аймаг сумын хөрөнгө оруулалтаар эхлүүлнэ. Ингэснээр хогийг ангилан ялгах ажил айл өрхөөсөө эхэлж байгаа юм. Бид шинээр байгуулах төвлөрсөн хогийн цэгийг харуул манаатай болгож, хашаажуулж хоёрдогч түүхий эд болох хаягдлыг газар дээр нь ялгаж, боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлыг зохион байгуулна.  

- Ногоон хөгжил-баялаг бүтээгчдийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн үү?

–Урианы жилийг зохион байгуулах хороог засаг даргын захирамжаар томилсон ба ажлын хэсэг төлөвлөгөөний төслийг боловсруулж байна. Энэхүү урианы жилийн хүрээнд цөлжилтийг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн талбайг хашаажуулж мод тарих, иргэдэд мод тарьж ургуулах арчлах талаар сургалт зохион байгуулах, баялаг бүтээгчдээ дэмжиж хөнгөлөлттэй зээл олгох, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, сав баглаа боодлыг шинэчлэх зэрэг ажлыг зохион байгуулж үр дүнд хүргэх бодолтой байна.

-Ярилцсан танд баярлалаа.  

Холбоотой мэдээ