Биатлонч Э.Энхсайхан ээлжит түүхэн амжилтаа тогтоов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-01-20 11:32:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Германы Оберхофт хотноо 2022 оны эхний сарын эхээр болсон Дэлхийн цомын тэмцээнд Монголын биатлончдоос түүхэндээ анх удаа тоосоо өргөсөн ОУХМ Энхбатын Энхсайхан Словений Поклюкад болж буй залуучуудын Европын нээлттэй тэмцээнд бас нэгэн түүхэн амжилтыг үзүүллээ.


Тус тэмцээнийг чансааны хувьд залуучуудын Европын АШТ-тэй энэ тэнцэхүйц бөгөөд Монголын 19 настай биатлонч залуу Поклюкагийн 15 км-ийн хувийн гараанд 108 тамирчнаас 23 дугаар байрт /0+0+2+0/ орж үе тэнгийнхээ Европын шилдгүүдтэй ойрхон өрсөлдөх хэмжээнд хүрсэн гэдгээ харууллаа.


Хилийн чанадад олон уйгагүй бэлтгэл сургуулилтаа хийж буй түүний хувьд, сэтгэлзүй, хичээл зүтгэл нь ийм амжилтад хүргэж байгаа юм. Э.Энхсайхан хэрэв 2 сумынхаа нэгийг алдаагүй буудсан бол бүр "Топ-10" руу орох байлаа.


Харин энэ зайд манай тамирчин Болдбаатарын Анхболд /1+2+2+1/ 99 дүгээр байрт оржээ. Түүний хувьд анх удаа том тэмцээний дарийн утаа үнэрлэж буй ирээдүйтэй залуу биатлонч билээ.


Олон улсын биатлоны холбоо /IBU/-ны залуучуудын Европын нээлттэй тэмцээн өчигдөр /2022.01.19/ Словений Поклюкад эхэллээ. Эмэгтэйчүүдийн 12.5 км-ийн хувийн гараанд Монголын 2 тамирчин цэц, хурдаа сорив.


Тэмцээнд 95 тамирчин өрсөлдөхөд спортын мастер Мөнхбатын Должинсүрэн /1+2+0+0/ 47 дугаарт, спортын мастер Чулуунбатын Бямбасүрэн /0+1+0+1/ 73 дугаар байрт тус тус шалгарсан байна. 



Холбоотой мэдээ