Идэр сум 150 мянга гаруй мод тарьж ургуулна

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-01-20 23:37:26

Завхан\МОНЦАМЭ\. Идэр сум тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжиж таван төрлийн 2000 орчим модыг өнгөрсөн намар тарьж ургуулжээ.

Завхан аймаг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, 2030 он хүртэл 25 сая мод тарьж ургуулах зорилт тавьсан. Тэгвэл Идэр сум энэ хөдөлгөөнд оролцож 2030 он хүртэл 93.7 га талбайд 150 мянга гаруй мод тарьж ургуулна. Өнгөрсөн оны байдлаар хавар, намрын мод тарих үндэсний өдрөөр ’’Айл өрх бүр хашаандаа мод тарья” аяныг зарлаж, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид болон төрийн байгууллагууд, иргэд хамтран сумын төвийн хайс, цэцэрлэгт хүрээлэнд нөхөн тарилт хийгээд байна. Тухайлбал, 700 ширхэг шар хуайс, 23 ширхэг бургас, 58 ширхэг үхрийн нүд, 118 ширхэг чацарганын модыг тарьж цэнэг усалгаа хийгээд байна. Түүнчлэн агч, улиас, хайлаас, голт бор мод тарьжээ. 500 ширхэг чацарганы суулгацыг Идэр голын сав дагуу 0.5 га талбайд суулгаж цэнэг усалгаа, тордолгоог хийгээд байна гэж Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Эзэнгүй хог хаягдлыг бууруулж байна

Идэр суманд хавар, намрын нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, эзэнгүй хог хаягдалгүй болж байна.

Тухайлбал өнгөрсөн жил гэхэд нийтийн хог цэвэрлэх ажлыг гурван удаа зохион байгуулж, төрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэд хамтран нийтийн эдэлбэр газар болон Идэр голын сав дагуу 80 орчим га талбайд их цэвэрлэгээг хийсэн. Энэ үеэр нийт 40 гаруй тонн эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэж, ачуулж дарж булах ажлыг хийгээд байна.

Нийтийн их цэвэрлэгээнд давхардсан тоогоор 226 төрийн албан хаагч, 260 гаруй иргэн оролцжээ. Мөн энэ жил тохиож буй сум, сургуулийн 90 жилийн ойн хүрээнд сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулахаар төлөвлөн бүтээн байгуулалт тохижилтын ажлыг хийж байгаа. Тухайлбал, сумын төвийн хорооллуудын хашааг нэг загварын болгож засварлаж байна. Цэцэрлэг багийн 415 хашааг бүрэн засварлаад байна. Гудамж талбайн гэрэлтүүлгийн ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгөөр хийгээд байгаа гэж Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ