Цагаан олимпын түүхэн замнал - "Саппоро-1972"

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-24 07:29:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам удахгүй эхлэх гэж байгаатай /11 хоног/ холбогдуулан Цагаан олимпын түүхэн замналыг спорт сонирхогчдод МҮОХ-ноос цувралаар хүргэж байгаа билээ.


Өвлийн олимп анх удаа Ази тивд зохион байгуулав. Японы Саппоро хот бүр 1940 оны олимп зохион байгуулах эрхийг аваад байсан ч 1937 онд япончууд Хятадад дайны ажиллагаа эхлүүлсний улмаас олимпын наадам цуцлагдсан билээ. Үүнээс хойш япончууд долоон олимпыг өнжсөний эцэст санасандаа хүрч 1966 онд Италийн Ромд болсон ОУОХ-ны 64 дүгээр чуулганаар Канадын Банфа, Финландын Лахти, Америкийн Солт-Лейкийг ялсан юм.


"Саппоро-1972" өвлийн олимпод 35 орны 1006 тамирчин (үүнээс 205 нь эмэгтэй) зургаан спортын 35 төрөлд өрсөлдсөн байна. БНХАУ, Филиппин өвлийн олимпод анх удаа тоосоо өргөжээ.


                                                                    Сонирхолтой баримтууд


Өмнө нь цагаан олимпыг зохион байгуулсан хотууд дандаа алдагдал хүлээж ирсэн бол япончууд ашигтай ажиллаж, бусдад үлгэр дууриалал үзүүлжээ. Тэд телевизийн эрхийг 8.5 сая доллараар арилжсан нь дөрвөн жилийн өмнөхөөс гурав дахин их дүн байв. Олимп зохион байгуулах нийт зардал 550 сая доллар хүрчээ. Түүнчлэн япончууд дөрвөн мянган сэтгүүлчид олимп сурвалжлах эрх олгосон нь тухайн үедээ нэлээд өндөр тоо байв.


ОУОХ олимп эхлэхээс 3 хоногийн өмнө сонирхогчийн статустай тамирчдыг оролцуулахгүй байх журам гаргав. Үүнээс болж уулын цанын 40 тамирчин Саппорог зорьж чадсангүй. Түүнчлэн Австрийн уулын цаначин Карл Шранц ивээн тэтгэгчээсээ жил бүр 50 мянган доллар авдаг байсан нь ОУОХ-ны дүрмийг зөрчсөн явдал гэж үзээд олимпод оролцох эрхийг нь хасчээ. Энэ шийдвэрийг Австри даяар эсэргүүцэж, 100 мянга гаруй хүн жагсаал зохион байгуулсан гэдэг. Карл тухайн үедээ уулын цанын шилдэг тамирчдын нэг байлаа. 1966, 1969, 1970 оны Дэлхийн цомд нийлбэр дүнгээр тэргүүлсэн түүнийг Саппород гялалзах оддын тоонд оруулж байсан юм.


Сонирхогчийн зэрэглэлийн тамирчин оролцохыг хориглосон энэхүү заалтыг канадчууд ашиглахаар шийдэн NHL-ийн оддоо олимпод илгээх хүсэлт гаргав. Гэвч тэдний хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна. Үүнийх нь хариуд Канадын хоккейн холбоо олимпыг бойкотлохоор шийджээ. Ингэснээр цагаан олимпын хоккейн тэмцээн анх удаа Канадгүй явагдсан юм. Гэхдээ намар нь Канадын мэргэжлийн хоккейчид В.Харламов, Б.Михайлов, В.Петров, В.Третьяк, А.Якушев нарын ододтой ЗХУ-ын супер багийн эсрэг найман цуврал тоглолт хийж, 4:3-аар илүүрхсэн /нэг тоглолтод тэнцсэн/ түүхтэй.


Түүнчлэн ХБНГУ-ын хоккейн шигшээ багийн ахлагч Алоиз Шлодер сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн нь цагаан олимпын түүхэнд анхны тохиолдол боллоо. Үүнээс болж тэрбээр тэмцээн уралдаанд оролцох эрхээ 6 сараар хасуулсан юм. Гэхдээ Шлодер 1976 оны олимпоос шигшээгийн хамт хүрэл медаль хүртсэн бөгөөд хожим хоккейн Алдрын танхимд мөнхөрсөн юм.




Хоккайдо аралд хүрэлцэн ирсэн мянга гаруй тамирчнаас Нидерландын тэшүүрч Адрианус Шенк тодрон гялалзав. Өмнөх олимпод 1500 метрээс мөнгөн медальтай ирсэн тэрбээр Саппорогийн мөсөн замд эрчүүдийн дөрвөн зайн гуравт нь түрүүлсэн юм. Уг нь дөрвөн алт зүүх боломжтой байсан ч 500 метрийн уралдааны эхэнд унаснаас болж хоосон хоцорчээ. Олимпын дараа нидерланд алимны нэгэн сортыг түүний нэрээр нэрлэсэн байна.


ЗХУ-ын цаначин Вячеслав Веденин ч бас том гавьяа байгуулсан. Тэрбээр орос эрчүүдээс цанын ганцаарчилсан төрөлд түрүүлсэн анхны хүн болсон. Гэхдээ буухиа уралдааны үеэр бүр ч том гавьяа байгуулсан юм. Тэрбээр багийнхаа сүүлийн гишүүн байсан бөгөөд өөрийн ээлжийг хүлээн авахдаа Норвегийн тамирчнаас 61 секунд хоцорч байв. Гэвч галзуу юм шиг хурдалсаар барианаас хагас км-ийн өмнө өрсөлдөгчөө гүйцэж чаджээ.


Уран гулгалтын хосын төрөлд ЗХУ-ын И.Роднина, А.Уланов нар тэргүүн байр эзлэв. Сонирхуулахад олимпоос хоёр сарын дараа Уланов өөрийн эхнэр Л.Смирноватай хамт гулгах шийдвэр гаргасан юм. Хамтрагчгүй болсон Ирина зодог тайлах талаар бодож байсан ч Александр Зайцевийн саналыг хүлээн авч, хамтрах болжээ. Энэ хос 1976, 1980 оны олимпод түрүүлсэн юм.


Биатлоны буухиа тэмцээнд Зөвлөлтийн баг нэлээн адал явдалтай түрүүллээ. Багийн эхний гишүүн болох А.Тихонов уралдах явцдаа цанаа хугалж орхив. Энэ үед Германы дасгалжуулагч түүнд цана өгч тусалсан байна. Энэ мэт бүтэлгүйтлээс болж оросууд эхний үеийн дараа ест явж байв. Гэхдээ сүүлийн гурван хүн нь сайн уралдсаны хүчинд Финландаас гурван минутаар илүүрхэн түрүүлсэн юм.




Трамплинаас харайлтын стандарт төрөлд нутгийн эзэн япончууд бүх медалийг хамсан нь бяцхан сенсаац байлаа. Харин том трамплинд Польшийн Войцех Фортуна гайхамшигтай түрүүлсэн. Тэрбээр хоёр дахь оролдлогоороо 87.5 м харайж, 10 дугаар байрт явж байв. Харин сүүлийнхдээ 111 метрийг давж, бусдыг ардаа орхижээ. Тэрбээр нийт 219.9 оноо авсан бөгөөд дөрөвт орсон тамирчин түүнээс ердөө 0.7 оноо дутсан гэхээр медалийн төлөөх өрсөлдөөн ямар ширүүн байсан нь ойлгогдох байх. Түүнчлэн эрэгтэйчүүдийн уулын цанын слаломын төрөлд Испанийн Фернандес Очоа түрүүлж, эх орондоо цагаан олимпын анхны алтан медалийг авчирсан байна.


Хоккейн тэмцээнд ЗХУ түрүүлж, АНУ, Чехословак удаалав. Зөвлөлтүүд таван тоглолтын дөрөвт нь хожиж, нэг тэнцсэн юм. Аваргуудаас оноо салгасан Швед бусад тоглолтоо муу хийсний балгаар дөрөвт орсон байна.

Япончууд техникийн хувьсгал хийж, тамирчдынхаа хувцсыг шинэ материалаар урлажээ. Энэ нь тамирчдын амжилтыг эрс дээшлүүлсэн юм. Мөн тамирчид модон цанатай уралдсан сүүлийн олимп нь “Саппоро 1972” болжээ. Үүнээс хойш цаначид тусгай хуванцар материалаар хийсэн цана хөлөглөх болсон түүхтэй.




Энэ олимпод монголчууд цана, гүйлтийн тэшүүрийн төрөлд дөрвөн эрэгтэй тамирчинтай оролцлоо. Цанын 15 км-т Д.Нарантунгалаг 56, Н.Сандагдорж 57 дугаар байр эзэлсэн бол 30 км-т Д.Нарантунгалаг 51, Н.Сандагдорж 52-т хурдалжээ. Харин Л.Дашням тэшүүрийн 500 метрт 28, 1500 метрт 38 дугаар байрт оров. Хоёр дахь олимпдоо хурд сорьсон Л.Цэнд тэшүүрийн 5000 метрт 28, 10.000 метрт 24 дугаар байр эзэлсэн юм.


МЕДАЛЬ АВСАН ОРНУУД


Улс                     Алт   Мөнгө   Хүрэл   Нийт


1. ЗХУ                   8         5           3         16


2. БНАГАУ            4         3           7         14


3. Швейцар         4         3            3         10


4. Нидерланд      4         3            2         9


5. АНУ                 3         2            3         8


6. ХБНГУ             3         1            1         5


7. Норвеги          2         5           5        12


8. Итали              2         2           1         5



9. Австри            1         2            2         5


10. Швед            1         1            2         4


11. Япон             1         1           1         3


12. Чехословак   1        -            2         3


13-14. Польш    1         -             -         1


13-14. Испани    1        -            -          1


15. Финланд      -         4            1         5


16. Франц         -          1            2         3


17. Канад          -         1             -         1


Нийт               36       34          35       105

Холбоотой мэдээ