Хангай сумын Чандмань багт шүлхий нэмж гарав

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-01-25 00:38:58

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хангай сумын Тэрх багт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол өнөөдрийн байдлаар нэмэгдээгүй байна.

Харин Чандмань багийн Ташгайд малын шүлхий өвчний тохиолдол илэрснээр тус багт нэмэгдэх хандлага бий болж байна. Сумын Засаг даргын захирамжаар Тэрх болон Чандмань багт хорио цээрийн дэглэм тогтоожээ.. 

2022 оны 1-р сарын 24-ний байдлаар нийтдээ 1153 үхэр, 120 хонь, 4 ямаа малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчлөөд байна. Тэрх багийн хэмжээнд шүлхий өвчний голомтот болон сэжигтэй бүсэд хамаарах малд нийтдээ 13л вакциныг хийсэн байна. Вакцины хүрэлцээ байхгүйгээс шүлхий өвчний вакцинжуулалт зогсжээ. Тус хугацаанд Тэрх багт малын 2 их эмч, 2 бага эмч ажиллаж, вакцинжуулалт болон өвчилсөн малыг эмчлэх ажлыг хийв. Чандмань багийн шүлхий өвчний голомтот бүсэд малын 1 эмч ажиллаж байна.

Малын шүлхий өвчин нь хүний коронавирустэй адил маш хурдацтайгаар тархан халдварладаг тул шүлхий өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь хүний шилжилт хөдөлгөөнийг хориглох арга тул иргэд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, шилжилт хөдөлгөөнөө хязгаарлахыг сумын Онцгой комиссоос уриалж байна.

Холбоотой мэдээ