“Барилгын эрчим хүчний хэрэглээ, түүний үр ашгийг нэмэгдүүлэх арга зам” сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-26 12:07:41

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт хэрэгжиж буй Семаатерр II- Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах орон нутгийн хөтөлбөрийн хүрээнд сумдын шийдвэр гаргагч нарыг чадавхжуулах, “Барилгын эрчим хүчний хэрэглээ, түүний үр ашгийг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт сургалтыг явуулжээ.

Сургалт, хэлэлцүүлгээр сум тус бүрд олон нийтийн барилгуудын эрчим хүчний хэрэглээ, тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн байна.

Сургалтын үеэр төслийн хүрээнд хийсэн “Архангай аймгийн олон нийтийн барилгын эрчим хүч хэмнэлтийн суурь судалгаа”, Архангай аймгийн олон нийтийн барилгын эрчим хүчний гэрчилгээг танилцуулж, Барилгын ашиглагч байгууллагын үүрэг оролцоо, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Семаатерр-II төслийн хүрээнд хийсэн Өндөр-Улаан сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах дулаалгын үйл ажиллагааны танилцуулга, дулаалгын технологи, барилгын материалын сонголт зэрэг сэдвийн хүрээнд нийт таван сумын 140 гаруй шийдвэр гаргагч нарт мэдээлэл хүргэжээ. 

Мөн сумдын удирдлагын санал болгосон 2-3 олон нийтийн барилгын дулааны зургийг авч, барилгад газар дээрх үзлэг хийн тухайн барилгын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах зөвлөгөөг өгч, тухайн барилгын дотор агаарын чанарын агшин зуурын хэмжилтийг хийн норм стандарттай харьцуулан танилцуулав.

“Барилгын эрчим хүчний хэрэглээ, түүний үр ашгийг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат сумын шийдвэр гаргагч нарт зохион байгуулжээ. 

Сургалтын багийг төслийн ажлын хэсгийн ахлагч,  Архангай аймгийн засаг даргын орлогч В.Мөнхбатаар ахлан, ГХБХБГ-ын захиалагчийн инженер Э.Амарсанаа, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Н.Батсайхан, Төслийн зөвлөх, эрчим хүчний аудитор Ж.Ганхуяг, төслийн менежер Б.Оюунтуяа, төслийн техникийн мэргэжитэн Г.Санжаа, төслийн ажилтан А.Энэбиш, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн А.Алтанчимэг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарын бүрэлдэхүүнтэй байв.


Холбоотой мэдээ