Төрийн байгууллагын үйлчилгээний ажилчдын цалингийн асуудлаар шаардлага хүргүүлжээ

Монголын мэдээ | НИЙГЭМ
uransolongo49@gmail.com
2022-01-27 18:32:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хороо, 21 аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос төрийн байгууллагын үйлчилгээний ажилчдын ажлын байрны асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ, “Төрийн байгууллагын үйлчилгээний ажилчдыг хувийн байгууллагад гэрээт ажилтан болгох шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг бид оны өмнөхөн эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн мөн шаардлага тавьсан. Харин бидний тавьсан шаардлагын хариуг Засгийн газар өчигдөр ирүүллээ.

Үүнд, төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн ажилчдыг өөрийн хүсэл сонирхлоор буюу сайн дурын үндсэн дээр бусад байгууллага, хувийн хэвшилд харьяалагдан ажиллаж болно. Ийм сонголт хийсэн тохиолдолд цалинг бууруулахгүй нэмнэ гэж хариу ирүүлсэн. Гэвч Засгийн газраас гаргасан энэ шийдвэр хөрсөн дээрээ буухгүй байна. Учир нь зарим төрийн үйлчилгээний ажилчны цалин 12 дугаар сарын 18-наас өнөөдрийг хүртэл буугаагүй байна. Сангийн яамнаас бүх цалинг бүтэн шилжүүлсэн гэдэг мэдэгдлийг манайд өгсөн. Харин нийслэл болон орон нутагт цалинг дутуу олгосон гэх маргаан гараад байгаа. Тиймээс цалинг дутуу олгосон этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. 

Мөн цалин хоцроосон тохиолдолд хоног тутамд 0.3 хувийн алдангийг нэхэмжилж шүүхэд хандах асуудлыг өнөөдөр тавьж байна.  Харин буусан цалин нь ямар нэгэн урамшуулал, нэмэлтгүй ердөө үндсэн цалин байна. Зөвхөн үндсэн цалинг олгоод үлдсэн нэмэлт, урамшууллыг хэн авав. Энэ зөрчлийг илрүүлэхгүй бол бид тэмцлийн дараагийн шатанд орохоо мэдэгдэж байна" гэлээ.


Дээрх нөхцөл байдлын улмаас МҮЭХ-ноос Засгийн газарт хандан дахин шаардлага хүргүүлж байгаа аж.



Холбоотой мэдээ