Ховдынхон жилд 2.0 сая мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-28 17:35:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийнхан “Тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөлдлөө.  

Тодруулбал, Монгол Улсын Eрөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд 20.0 сая мод тарих гэрээ байгуулсан. Улмаар жилд дунджаар 2.0 сая мод тарьж, 10 жилийн хугацаанд 20.0 саяд хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлсэн байна.  

Энэ хүрээнд Ховд аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги болон бусад мэргэжлийн байгууллагуудын зүгээс өнөөдөр нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж, санал солилцлоо.     

Тус зөвлөгөөнд аймаг, сумын удирдах ажилтнууд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон байна. 

Судалгаанаас үзэхэд Ховд аймагт жилд дунджаар 40-50 мянган мод тарьдаг бөгөөд цаг агаарын төлөв, арчилгаанаас шалтгаалж 80 гаруй хувь нь ургадаг аж.

Мөн тус аймагт 7 сая 600 мянган га талбай, 812 мянган га ойн сан бүхий газар бий. Түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 85 аж ахуй нэгж, 8 услалтын систем байна.

Энэхүү нөөцөд тулгуурлан мод тарих ажлыг эрчимжүүлэх ба аймаг, сумдын тариалалтын талбайг нэмэгдүүлэх, гар ажиллагааг багасгаж тeхник технологийг сайжруулах, жимсний модны тоог нэмэх, мөн ойжуулалтын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх тал дээр цаашид илүү анхаарах шаардлагатай гэж зөвлөгөөнд оролцогчид хэллээ.    


Уг ажлын хүрээнд 2024 он хүртэл бүх суманд мод үржүүлгийн 1-2 га талбай байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн энэ онд 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт тусгах замаар жилд 2.0 сая мод тарихаар төлөвлөжээ.   

 

Холбоотой мэдээ