Р.Сүхбат: АСЕМ-ын үеэр хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ

Монголын мэдээ
mn_tuul@montsame.mn
2016-07-21 10:56:21

АСЕМ-ын 11 дүгээр дээд түвшний уулзалтын хүрээнд Зэвсэгт хүчний алба хаагчид хэрхэн ажилласан талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатаас тодрууллаа.

-АСЕМ-ын уулзалтын арын албанд танай дайчид ямар үүрэг гүйцэтгэв?

-АСЕМ-ын 11 дүгээр дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил  хоёр жилийн өмнөөс эхэлсэн. Бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн ажлын хэсэг байгуулсан. Үүний нэг нь Хууль зүйн сайдаар ахлуулсан аюулгүй байдлыг хангах чиглэлийн ажлын хэсэг байсан юм.  Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нь тухайн ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгасан аюулгүй байдлыг хангах чиглэлийн арга хэмжээнүүдэд орж үүрэг гүйцэтгэлээ. Тухайлбал, тодорхой хотхон, обьектуудын гадна хамгаалалтын болон шадар хамгаалалтын үүрэг гүйцэтгэх,  тэсэрч дэлбэрэх зүйлийг хайж устгах, цацраг хими, биологийн хайгуулын ажлыг зохион байгуулахад мэргэжлийн алба хаагчид маань орж ажиллалаа. 

Түүнчлэн бэлтгэл ажлын хүрээнд "АСЕМ-Вилла" хотхон, Шангри-Ла зочид буудлын гадна талын тохижилт, "Чингисийн хүрээ" аялал жуулчлалын баазын орчны тохижилтыг бусад байгууллагуудтай хамтран гэрээ байгуулах замаар хийж гүйцэтгэсэн. Мэдээж Зэвсэгт хүчинд хүлээлгэсэн үүргүүдийг гүйцэтгэхийн тулд холбогдох байгууллагуудтай хамтран нэгдсэн хөтөлбөр гаргаж ажилласныг онцлох ёстой. АСЕМ-ын арын албанд ажиллах алба хаагчдаа төрийн бусад байгууллагуудтай хамтран хэд, хэдэн үе шаттайгаар сургалт зохион байгуулж дадлагажуулсан байгаа. Үүний үр дүнд манайхан үүргээ маш сайн гүйцэтгэж, уулзалтын аюулгүй байдалд ямар ч асуудал гарсангүй.  Зэвсэгт хүчин АСЕМ-аар хүлээсэн үүргээ сайн гүйцэтгэж чадлаа.

-Байлдагчаасаа эхлээд ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайд хүртлээ өргөн бүрэлдэхүүнээр ажилласан юм байна. Хэдэн хүний бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэв?

-Цэргийн алба хаагчдын тоог нарийн хэлэх боломжгүй. Барагцаалбал, давхардсан тоогоор 2500 гаруй цэргийн алба хаагч тодорхой үүрэг гүйцэтгэж оролцлоо.  АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчин маань хоёр жилийн өмнөөс эхлэн уулзалт амжилттай дуусах хүртэлх бүх хугацаанд ажиллалаа.

-Энэ уулзалтын үеэр зочдын анхаарлыг татсан нэг зүйл бол яахын аргагүй Нүүдэлчдийн наадам байсан. Үүнийг БХЯ, ЗХЖШ-ынхан хариуцан ажилласан билүү?

-Нүүдэлчдийн наадам зохион байгуулах ажлыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан ажилласан. Нүүдэлчдийн наадмын гол үүргийг энэ ажлын хэсэг нугалсан. Мэдээж Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн наадмын хотхоныг байгуулахаас эхлээд наадам зохион байгуулах бүхий л ажилд гар бие оролцсон.

-Олон улсын төдийгүй Үндэсний баяр наадам зохион байгуулахаас эхлээд улсын гэх бүх арга хэмжээний ард Зэвсэгт хүчин ажилладаг. Танай дайчид баяр наадмын арын албанд ажиллаж дуусаад шууд АСЕМ-ын харуулд ажиллаж харагдана лээ?

-Тийм ээ. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнгөрсөн өдрүүдэд өндөр ачаалалтай ажиллалаа. Хамгийн гол нь бид  төр засгийнхаа өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэж чадлаа. Энэ л чухал. Үндэсний баяр наадмын нээлт, хаалтад гэхэд 500 гаруй цэргийн алба хаагч, хурдан морины уралдаан зохион байгуулахад 300 гаруй цэргийн алба хаагч орж ажилласан. Дээрээс нь Монгол Улсын төрийн далбааны өдрийн цэргийн ёслолын жагсаал, баяр наадмын үеэрх төрийн ёслолын арга хэмжээг бүрэн хариуцан ажиллах үүрэгтэй. Энэ бүх үүргээ амжилттай гүйцэтгэсэндээ баяртай байна. 

 

Холбоотой мэдээ