Бизнесийн үр ашгаар нэгдүгээрт эрэмбэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-30 16:40:48

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021” судалгааны үр дүнг танилцуулав. Бизнесийн үр ашиг, үзүүлэлтээр Дархан-Уул, Баян-Өлгий, Сэлэнгэ аймаг тэргүүлжээ. Харин Булган, Говь-Алтай, Завхан аймаг сүүл мушгисан байна. Өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Хөвсгөл, Дундговь, Баянхонгор аймагт бизнесийн үр ашиг сайжирсан бол Өвөрхангай, Орхон, Увс аймагт бизнесийн үр ашиг буурсан аж.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ: Эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд 175 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог байна.

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас хойш жил болгон ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жилийн хувьд Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймаг 2, 3, 4, 5-рт эрэмбэлэгджээ. Харин Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймаг хамгийн бага үнэлгээ авсан байна.

Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг, Засаглалын үр ашгаар Сүхбаатар аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Дэд бүтцээр Дорноговь аймаг нэгдүгээрт тус тус эрэмбэлэгджээ. Увс, Завхан, Орхон аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо 3 оноогоор буурчээ. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад 8 оноогоор ахисан байна.

Дархан-Уул аймаг эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноогоо 12-оор ахиулж ерөнхий үнэлгээгээр 3-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч засаглалын үр ашгаар 6 эрэмбэ ухарч 11-рт эрэмбэлэгдсэн байна.

Засаглалын үзүүлэлтээр Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ аймаг эхний байруудад жагсжээ. Харин Ховд, Завхан, Баян-Өлгий аймаг сүүл мушгисан байна. Өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймгийн засаглал хамгийн их нэмэгдсэн бол Өвөрхангай, Дархан-Уул, Ховд, Орхон аймгийн хувьд засаглал суларсан байна.

Дэд бүтцийн хувьд Дорноговь, Дархан-Уул, Ховд аймаг тэргүүлжээ. Харин Баянхонгор, Булган, Төв аймаг сүүл мушгисан байна. Өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Өвөрхангай, Дорноговь, Архангай аймаг дэд бүтэц сайжирсан бол Баянхонгор, Увс, Говьсүмбэр, Орхон аймгийн дэд бүтэц буурсан байна.

Холбоотой мэдээ