Өмнөд Суданд булчин задрах тахлын тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-07-21 12:41:14

ЖУБА. /VOA/. Иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Өмнөд Суданд олон зуун хүн булчин задрах тахлаар өвчилсөн байх магадлалтай гэж НҮБ мэдээллээ.

НУБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ мэдэгдсэнээр, Жуба хотын төв эмнэлэгт лхагва гарагт гэхэд 69 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд нийслэл хотод эмчлүүлж буй хүмүүсийн нийт тоо 112-т хүрсэн байна. 

Улс даяар нийт 141 хүн булчин задрах тахлаар өвдсөн байх магадлалтай бөгөөд 6 хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ. Өмнө нь 11 нас баралт бүртгэгдээд  байсантай харьцуулахад энэ нь буурсан тоо юм. Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагуудтай хамтран НҮБ-ын Хүүхдийн сан эрүүл мэндийн хангамж үйлчилгээ, ариутгалын үйлчилгээ болон олон нийтэд уг өвчний талаар мэдлэг олгох ажлуудыг зохион байгуулж байна.

Жуба хот дахь НҮБ-ын баазад бас нэгэн тохиолдол бүртгэгдсэн нь сөргөлдөгч талуудын мөргөлдөөнөөс дайжин тус газарт хоргодож буй 4000 орчим хүнд уг өвчин тархах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа юм.

Өмнөд Суданы иргэний дайн 2013 онд эхэлснээс хойш 28 мянган хүн орон гэрээ орхин Жубад ирээд байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт мөргөлдөөн нь дахин сэргэсэн нь уг тоог улам нэмэгдүүлж 15 мянга орчим хүн НҮБ, тусламжийн байгууллага, сүм болон бусад газруудад толгой хоргодож байна.

Өнгөрсөн жил Өмнөд Суданд булчин задрах  тахал дэгдсэний улмаас 47 хүн нас барсан бол 2014 онд 167 хүн амиа алдаж байжээ.

Булчин задрах тахал нь ходоод гэдэсний өвчин бөгөөд ихэвчлэн бохирдсон ус болон хоол хүнснээс халдварлан тархдаг. Уг өвчин нь хэдхэн цагийн дотор шингэн алдалт болон бөөрний дутагдалд оруулж, үхлийн аюул дагуулдаг юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ