Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-07-21 12:56:09

Баянхонгор аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хуралдаан энэ сарын 19-ний өдөр боллоо.

Аймгийн ИТХТ-ийн хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр даргалж, Тэргүүлэгчдийн хуралдааны ирц 90.9 хувийн ирцтэй байв. Хуралдаанаар орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй Шинэжинст сумын иргэн Балжирын Нямхүү, Самдангийн Шингэд нарыг “Соёрхол” тэмдгээр шагнасан.

Мөн “Чандмань-Баянхонгор” ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Ц.Төмөрбаатар, П.Рэнцэнпэлжээ, Н.Оюун, Б.Энхтүвшин, Ц.Энхтөр, М.Хосбаяр, Д.Даваадорж нарыг сонгосон байна. Шинээр сонгогдсон төлөөлөн удирдах зөвлөлд компанийн бүтэц орон тоо, цалингийн сан, дотоод журмыг холбогдох хуулийн  дагуу  шинэчлэн баталж, компанийн эдийн засгийн үр өгөөжийг  дээшлүүлэн, хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийнэ. Мөн балансанд бүртгэлтэй урт хугацаат зээл, 2015 оны жилийн эцсээр 107.6 сая төгрөгийн алдагдалтай ажилласан шалтгааныг  судалж холбогдох арга хэмжээ авч ажиллах үүргийг даалгасан. “Баянхонгор-Эрчим хүч ЦТ” ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Ж.Алтанцэцэг, М.Мөнхбат, Н.Баярсайхан, С.Готов, С.Батцэрэн, Б.Батбаяр, Б.Нацагдорж нарыг сонгожээ.

 Аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдааныг ирэх сарын  тавны өдрийн 10 цагт Баянхонгор сумын төвд зарлан хуралдуулж, аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийг батлах тухай, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх бодлогын хороодын бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааны 1/5 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх тухай, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай, аймгийн нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцүүлэхээр тогтсон байна.

Холбоотой мэдээ