Бээжингийн өвлийн олимпын наадам өнөөдөр албан ёсоор эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-02-04 11:45:05

БЭЭЖИН. /TASS/. Өвлийн олимпын XXIV наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн наадам “Нийтлэг ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдах бөгөөд коронавирусний цар тахалтай холбоотойгоор урьд өмнө байгаагүй аюулгүй байдлын арга хэмжээ авч явагдах юм.


Бээжин хот нь зуны (2008) болон өвлийн олимпын наадмын аль алиныг зохион байгуулсан түүхэн дэх анхны хот болж буй билээ. Олимпын наадмын нээлтийн ёслол "Шувууны үүр" гэгддэг Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно.


Хятадын нийслэл 2015 оны долоодугаар сарын 31-нд Куала-Лумпурт болсон Олон улсын олимпын хорооны (ОУОХ) хуралдаанаар өвлийн Олимпын XXIV наадмыг зохион байгуулах эрхийг авсан юм. Бээжин хот ердөө дөрөвхөн саналын зөрүүгээр Казахстаны Алматы хотыг ардаа орхисон байна. Стокхолм, Осло, Украины Львов, Барселона зэрэг бусад нэр дэвшигчид орон нутгийн эрх баригчдын шийдвэрээр эсвэл бүх нийтийн санал асуулгаар өрсөлдөөнөөс гарчээ.


Хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд Бээжин хотноо ОУОХ-ны ангиллын дагуу 15 төрлийг нэгтгэсэн долоон спортын төрөлд 109 багц медалийн эзэд тодорно. Харин хоёрдугаар сарын 3-ны өдөр кёрлингийн холимог багуудын дунд болон эмэгтэй багуудын шайбтай хоккей, цанын чөлөөт үзүүлбэрийн "могул" төрлөөр тэмцээнүүд аль хэдийн эхэлжээ. Олимпын тэмцээн уралдаан гурван газарт, тодруулбал Бээжин, Яньчин болон Жанчхүү хотод болно. Бээжин хотноо тэмцээн уралдаан зуны олимпын наадамд зориулан барьсан байгууламжуудад болох юм. Эдгээр нь кёрлингийн тэмцээн зохион байгуулж буй Үндэсний цэнгэлдэх хүрээлэн болон "Усан шоо" гэгддэг Бээжингийн үндэсний усан сэлэлтийн цогцолбор юм. 2008 оны олимп мөн Төрийн спортын ордонд болж, гимнастикчид, трамплин үсрэгчид, гандболын тамирчид өрсөлдсөн. Харин 2022 оны хоёрдугаар сард энэ ордонд хоккейн тэмцээний тоглолтууд болно. Бээжинд мөн сноуборд, цанын чөлөөт үзүүлбэрийн “big-air” төрөлд зориулсан цэнгэлдэх хүрээлэн барьжээ.


Жанчхүү хотод биатлан, цана, цанын харайлт, цанын хосын төрөл, цанын фристайл төрөл /"хафпайп", "слоупстайл", "ски-кросс", "могул", "акробат"/, сноубордын тэмцээнүүд болно. Яньчин хотод цаначид Уулын цанын үндэсний төвд өрсөлдөх бол Чарга-бобслейн үндэсний төвд чарга, скелетон, бобслейн тэмцээн болно.


Олимпын тэмцээнийг зохион байгуулах гурван бүсийг холбохын тулд 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр өндөр хурдны төмөр замыг барьж ашиглалтад оруулжээ. Энэхүү төмөр зам нь Хятад дахь анхны өндөр технологийн зам болсон бөгөөд галт тэрэг цагт 350 км хүртэл хурдлах боломжтой байна. Түүний бүтээн байгуулалтын тооцоог 3.9 тэрбум орчим ам.доллар болсон Олимпын наадмын зарласан төсөвт оруулаагүй байна. 


Бээжингийн олимпын хөтөлбөрт долоон шинэ төрлийг нэмж оруулжээ. Эдгээр нь бобслейн (монобоб) эмэгтэйчүүдийн ганчаарчилсан тэмцээн, эрэгтэй, эмэгтэйчүүдийн дунд цанын чөлөөт үзүүлбэрийн "big air" төрлөөр, богино зам дахь холимог буухиа, цанын акробатын холимог багийн тэмцээн, цанын харайлт, сноубордын кросс тэмцээнүүд юм.  Мөн Өвлийн олимпын наадамд анх удаа Хаити, Саудын Арабын тамирчид оролцоно.


“Омикрон” хувилбар ба “бойкот”

Коронавируний цар тахал Олимпын наадмыг зохион байгуулахад асар их нөлөөлсөн юм. 2021 оны эцсээр коронавирусний шинэ “омикрон” хувилбар тархсанаар ковидын халдварын тохиолдол нэмэгдэж, Хятадад дор хаяж гурван хотод хөл хорио тогтооход хүрсэн билээ. 


Бээжингийн Олимпын үеэр шинэ хувилбарын давлагаанаас урьдчилан сэргийлэхийн тулд зохион байгуулагчид дотор нь Олимпын бүх байгууламжууд болох спортын талбай, хэвлэл мэдээллийн төв, Олимпын тосгон байрлаж буй "хөөс" хэмээн нэрлэсэн бүсэд тэмцээнийг зохион байгуулахаар шийджээ. Энэ бүсийн хязгаараас давж гарах, дотогшоо орох боломжгүй, хотоор зугаалах хориотой бөгөөд өдөр бүр PSR-ын шинжилгээ хийлгэх шаардлагатай. Шинжилгээний хариу нь хоёр удаа дараалан “эерэг” гарсан тохиолдолд тусгайлан бэлдсэн зочид буудлууд руу илгээх бөгөөд шинжилгээний хариу нь хоёр дараалан “сөрөг” гарсан тохиолдолд буцаж болно.


Ийм хатуу арга хэмжээ нь Токиогийн зуны Олимпын наадамтай адил Олимпыг хойшлуулах уриалгын үндэс болсон юм. Халдварын нөхцөл байдал хүнд байгаа тул зохион байгуулах хороо нэгдүгээр сард тасалбарыг нээлттэй худалдаанаас татан авч, хүн амын тодорхой бүлэгт тараах шийдвэр гаргажээ. "Хөөс"-ийн гадна амьдардаг 150 мянга орчим хүн олимпын тэмцээнийг үзэх боломжтой юм.


Хятад улс мөн АНУ, Их Британи, Австрали зэрэг хэд хэдэн  улсын “дипломат бойкот”-той тулгарсан. Үүний шалтгаан нь Шинжаан Уйгурын Өөртөө засах оронд БНХАУ хүний эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаатай холбоотой юм. “Дипломат бойкот” зарласнаар оролцогч орнууд Хятад руу албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй, харин тамирчид нь Олимпод оролцох боломжтой гэсэн үг юм. Хятад улс энэ шийдвэрийг Олимпын дүрэмд харшилсан улс төрийн манипуляц гэж үзэж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн билээ. Мөн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах пүрэв гарагт Бээжинд болсон тус байгууллагын чуулганы дараа хэлэхдээ, ОУОХ нь стратегийн чухал шийдвэр гаргаж буй бүх улс төрчдөд Наадмын нэгдмэл зорилгын үзэл санааг хүргэхийн тулд бүх зүйлийг хийж байна гэж онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ