Монголын цаначид спринт төрөлд хурдаа сорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-08 17:57:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадмын Монголын баг тамирчдын салхийг хагалж гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн спринт төрөлд ОУХМ А.Энхтуул уралдлаа.

 

Уг төрөлд 91 тамирчин хурд сорьсон бөгөөд А.Энхтуул 84 дүгээрт эрэмбэлэгдэн гараанаас гарснаас 3.58.25 минутын амжилтаар ардаа 12 тамирчинг орхиж 79 дүгээр байр эзлэв.

 

Тус 1.5 км-ийн уралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3.09.03 минутын амжилтаар тэргүүллээ. Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин шигшээ уралдаанд медалийн төлөө өрсөлдөх болно.


 

Харин өвлийн олимпын 2 дахь наадамдаа оролцож байгаа ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд хурд сорилоо. Энэ төрөлд 91 тамирчин өрсөлдөхөд Францын Лукас Шанават 2:45.03 минутын амжилтаар урьдчилсан шатыг өнгөлж тэргүүлэв.

 

Манай тамирчин Б.Ачбадрах 83 дугаарт эрэмбэлэгдэн гараанаас гарсан бөгөөд 3:11.60 минутын амжилтаар 77 дугаар байрт бичигдлээ. Урьдчилсан шатнаас шалгарсан 30 тамирчин шигшээ болон медалийн төлөөх уралдаанд өрсөлдөх юм.

 

Манай цанын 2 тамирчны хувьд 2 дугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, 11-нд Б.Ачбадрах эрчүүдийн 15 км-т хурд сорих юм байна.



 

Холбоотой мэдээ