"Нэг өдрийн Цагаан дара эх” үзэсгэлэнд нийт 50 гаруй бурхан дэлгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-09 15:37:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тэргүүн сарын шинийн найман тохиож Цагаан дара эх бурхныг нэг өдрийн дотор бүтээх уламжлалт үйл ажиллагаа "Богд хааны ордон" музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр боллоо.


“Богд хааны ордон” музейн захирал Ц.Эрдэнэбаатар хэлэхдээ, “ХХ зууны эхээр Их хүрээнд сар бүрийн шинийн найманд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын тигээр үзүүр тохой хэмжээтэй Цагаан дарь эх бурхныг нар мандахаас жаргах хооронд нэг өдөрт багтаан бүтээдэг уламжлалтай байжээ. Тухайн өдөр лам нар уламжлалын дагуу Цагаан дара эх бурхныг бүтээснээр бурханч болдог учиртай байсан. Энэ уламжлал 1924 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үед бүтээгдсэн Цагаан Дара эх бурхны шүтээн зургууд Монголын музейнүүдэд хадгалагдан үлдсэн байдаг” гэлээ.


“Нэг өдрийн Цагаан дара эх” үзэсгэлэнд нийт 50 гаруй Цагаан дара эх дэлгэгдсэн ба 2013 оноос хойш зохиогдож буй уг үзэсгэлэнд танка зургаас гадна, Цагаан дара эхийн загал зургуудыг анх удаа дэлгэж байна.




Загал зургууд дотор V Богдод залбирал шүлэг бичсэн загалыг үзмэрт дэлгэсэн нь он цагийн хувьд илүү эртний болоод судалгааны ач холбогдолтой онцлох бүтээл аж.


Нэмж дурдахад, шинийн 8-нд Цагаан дара эхийг Богд Хааны Ордонд бүтээх уламжлал 1902-1924 хүртэл үргэлжлээд тасарсан ч 2013 оноос Цагаан дара эхийг 1 өдөрт бүтээх болгон сэргээсэн байна. Эдүгээ уг үйл ажиллагааны цар хүрээ улам бүр өргөжиж музейгээс жил бүр тогтмол зохион байгуулдаг томоохон үйл ажиллагааны нэг болоод байна.


Богд Хааны Ордон музейд энэ сарын 9-16-ныг хүртэл үнэ төлбөргүйгээр үзэгчдэд хүрнэ.      











Холбоотой мэдээ